ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 274 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

0

Прокурорын байгууллага өнгөрсөн 7 хоногт буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.641, мөрдөн байцаалтын 3062 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138, өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10,  Хүний амьд явахын эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Авлига, албан тушаалын 4, нийт 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Н, аудитор, нягтлан бодогч Д.С, аудитор Г.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцаагүй байж танилцсан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон Эрүүл мэндийн даатгалын санд 2.999.440 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүргээ зөрчиж, Ө ХХК-д барилга барих зөвшөөрлийг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, сургуулийн анги танхимыг тохицуулах ажлын тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж, өөртөө давуу байдал бий болгон, төрд 19.013.496 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Ховд аймгийн прокурорын газраас Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тасгийн эрхлэгч К.А нь иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгасны хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлж шийдвэрлэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *