Н.АЛТАНХУЯГ: Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг энэ хэрэг харуулж байна
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн. Хурал өнөөдөр ийнхүү 46 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдүүлэг өгч байна.
Тэрбээр “Монголын түүхэнд шүүхийн шинэчлэл хийх цаг үе байгаасай. Хөгжлийн банкны хэргийг хоёр сар гаруй хугацаанд бид ярилцлаа. Өмгөөлөгч нар маань хүний эрхийн мэдрэмжтэй сайн ажиллаж байна. Хөгжлийн банкны хэрэг Эрүүгийн хэргийн гэхээс илүүтэй эдийн засгийн хэрэг болоод байгаа юм.
Хөгжлийн банк зээлээ төлүүлэх нь зөв. Гэхдээ Хөгжлийн банк улстөрийн байгууллага биш шүү. 2011 онд би Тэргүүн Шадар байхад анх Хөгжлийн банктай холбоотой хуулийг батлаж байлаа. “Монгол Улсын хамгийн том чухал хөтөлбөрүүдийг санхүүжүүлээч, мөнгө босгооч, өгсөн зээлийнхээ хойноос хөөцөлдөөч, төлүүлээч. Зээл нь төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгийг нь аваач, хуулийнх шаардлагыг хангуулаач” гэж хууль баталсан. Гэтэл Хөгжлийн банкны нөхдүүд орж ирээд прокуроруудтай хамт энд сууж байгаа хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийн тоог нэмэх гээд байгаа юм уу. Би Их хуралд ирүүлсэн материалуудтай танилцсан. Хөгжлийн банкны гэх хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн, улстөрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаах тал руугаа хазайсан байна шүү. 27 мянган материал хэвлэлээр нийтлэгдэж байхад амьд үлдэх хүн байхгүй шүү дээ.
Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг энэ хэрэг харуулж байна. Төлөөлөн удирдах зөвлөл гээд хоморголоод оруулаад ирсэн байна. Яллагдагч болчихсон байна энэ олон хүн. Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж, оруулж байгааг би тайлбарлана. Би прокуроруудыг ажлаа сайн хийсэн байх гэж бодсон. Хүн алдаа гаргаж болно. Гэхдээ алдаагаа яагаад засахгүй гүрийгээд байгаа юм. Шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй байгаа ч хэзээ нэгэн цагт захиалагчаа хэлэх л болно. Монголын хуулийг тэгж өөрчлөх ёстой.
Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өөрийгөө хайцаалаагүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгсөн авсан зүйлгүй. Эхнэрийг минь хүртэл тагнуулынхан мөрдөөд, шалгаад нотлогдоогүй юм билээ. Засгийн газрыг буруутгаж байгаа юм байна лээ. Хүн нь байвал хэрэг нь нотлогдоно гэж боддог. 2018 оноос хойш хавтаст хэргийг цуглуулсан байсан. Өнгөрсөн жил Н.Алтанхуяг тэргүүтэй нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зорилготой хэрэг зохиож, хонгилоор явуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын тогтоолоор яллуулж байгаа анхны тохиолдол болж байна. ХУуль алагчилж, үйлчилж байгаагийн нэг жишээ. Хөгжлийн банкны хэрэг 2018 оноос эхэлсэн. 2022 оны дөрөвпүгээр сард намайг яллагдагч болгож байгаа юм. Надаас юу ч асуугаагүй байж. Намайг Ардчилсан намын даргын сунгаанд оролцох гэж байхад яллагдагч болгож байсан. Монгол Улсынх” гэлээ