Монгол Улс дахин арбитрын хаалга татахад ойрхон ирлээ
Гадаадын хөрөнгө оруулалт татах Засгийн газрын бодлого шүүхийн шийдвэрээр нуран унав
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд идэвх гаргаж, олон улсын хурал зөвлөгөөн дээр “Монгол Улсад урьж байна” гэдэг алдарт үгээ давтсаар байгаа. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийг байгуулан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон удаа мэдэгдэл гаргав.
Гэтэл яг хөрсөн дээрээ хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эрх ашиг хамгаалагдаж байна уу гэхээр бас өөр байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Монгол-Чехийн хамтарсан “Гурвансайхан” компанийн Чехийн хөрөнгө оруулагчид хохирсон асуудлаараа мэдээлэл хийлээ. Тэд 30 жил Монгол Улсад туулж болох бүхий л бэрхшээлийг туулан ураны хайгуул, судалгааг хийжээ. Ингээд 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсны эцэст олборлолтын үйл ажиллагаагаа эхлэх гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс лицензийг нь хураачихсан байна. Где, шударга ёс.
Хөрөнгө оруулагчид нь өдгөө асуудал даамжирвал олон улсын арбитрын шүүхэд хандахаас өөр аргагүй болно хэмээн мэдэгдэж байна. Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани ураны чиглэлд хөрөнгө оруулж, түүний лицензийг нь манай талаас үндэслэлгүй цуцлаад олон улсын арбитрын шүүхэд очиж 100 сая ам.долларын төлбөрт унан шившгээ хутгаж байлаа. Тэр явдал давтагдахад ойрхон иржээ. Хэрэв дахин арбитрын шүүхэд очвол Монгол Улсад хөрөнгө оруулах ямарч европ хүн үлдэхгүй болно гэхээр Засгийн газрын бодлого тэр чигтээ унана гэсэнтэй адил биз дээ. Тэгвэл Засгийн газар нь урьж залаад шүүх нь хөөж туугаад байгааг яаж тайлбарлах вэ. Бас харамсалтай нь шүүгч хийгээд, малын сэг зэмээр гул барин шантааж хийдэг тэмцэгчид энэ төлбөрийг төлөхгүй. Монгол Улсын Засгийн газар төлнө. Бүр тодруулбал, та бидний татварын мөнгөөр төлнө. Энэ ч мөн шударга биш зүйл.
Чехийн “Ураниум индастри” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Номуун мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа ураны хайгуул, олборлолтын салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилгоор энэ салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох БНКазакстан улсын “Казатомпром” компанитай хамтран энэ төсөлд оролцож, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, улмаар үйлдвэрлэл, олборлолтын шатанд хүрч ирээд байсан. Гэтэл нийтийн эрх ашгийг хамгаалах эрхтэй иргэний нийгмийн байгууллага мөн эсэх нь эргэлзээтэй “Их бага баян шарга” нэртэй байгууллагаас манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 5 жилийн дараа шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын шүүх, Монгол Улсын Засгийн газрын оролцоотой компанид итгэсэн бидний итгэлийг үгүй хийж, төрийн байгууллагын лиценз бичилтийн техникийн шинжтэй алдааны улмаас лицензийг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргаж, БНЧех Улсын хөрөнгө оруулагч бидний Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, үгүй хийгээд байна” гэсэн юм.
Мөн тэрбээр “Шүүх байгууллагын зүгээс хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, хууль ёсны тусгай зөвшөөрөл гэж итгүүлж бидэнд төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо, хариуцагч төрийн байгууллагын төлөөллийг төдийгүй олон сая долларын хөрөнгөө оруулсан, тусгай зөвшөөрлөө хууль ёсоор эзэмшиж байгаа манай компанийн төлөөллийг ч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэлэлцэж, тэр ч бүү хэл чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй, зарим баримтыг цагаан дээр хараар бичсэнээс нь бүр эсрэгээр үнэлж, дүгнэсэн явдлыг бид үнэхээр яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байна” гээд хэрэв өнөөдрийн энэ нөхцөл байдлыг Монгол Улсын төрийн байгууллагууд залруулах, хууль ёсны гэж итгүүлж олгосон зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлыг дахин хангуулах талаар шаардлагатай арга хэмжээ авахгүйд хүрвэл өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд олон улсын арбитрын шүүхэд хандаж, өнгөрсөн бүхий л хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, ирээдүйд олохоор төлөвлөсөн алдагдсан боломж, хохирлоо нэхэмжлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрнэ гэдгийг тодотгожээ.
Манай улсад Франц, Чехийн хоёрхон компани л сүүлийн 20 гаруй жил унаж тусан ураны хайгуул, судалгаа хийж өдгөө олборлоход бэлэн болоод байгаа. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон саяхан манай улсад айлчилж, Франц-Монголын хамтарсан “Бадрах энержи” нэг юм гараанд гарах шиг боллоо. Гэтэл нөгөө талд бараг давхцаад Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Монгол-Чехийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” компанийн лицензийг хурааж авах шийдвэр гаргаж байгааг гадаадынхан байтугай дотооддоо бид ойлгох ч арга алга.
Ер нь монголчуудыг ядуу байлгах, Монгол Улсыг хөгжүүлэхгүй байх шалгарсан арга бол айлгах. “Төмөр зам баривал танк ороод ирнэ” гэх мэт марзан зүйл бодитоор үүргээ гүйцэтгэсэн нь инээдэмтэй. Алдагдсан боломжийн өртгийг нь бодох юм бол эмгэнэлтэй. Бас уран байна. Энэ шар нунтаг гэх зүйлийг олборлох бүү хэл хайгуул, судалгаа хийх төдийд л мал амьтан үхэж, хоёр толгой, найман хөлтэй хурга, тугал төрлөө гэдэг яриа гаргадаг, үүгээрээ шалтаглан иргэний нийгмийн байгууллага нэртэй тэмцэгчид шантааж хийж, хааж боодог. Социализмын жилүүдэд одоотой харьцуулахад асар болхи аргаар оросууд олборлож байхад зүгээр байсан атлаа өдгөө байгальд хал балгүй хамгийн шилдэг технологиор олборлох гэхээр улс үндэстнээрээ хордож үхнэ гээд дайраад байдгийн ард хэн байдгийг ч сөхөж ярилцах цаг болжээ.