УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татлаа
Филиппинээс “Шувуу” ажиллагаагаар баривчилж авчирсан, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өдгөө түүнд холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорууд хянаж, хавтаст хэрэгтэй нь танилцаж буй юм. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн түүнийг буруутгаж буй билээ.
Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татаад байгаа аж. Үүнийг нь нотлох нэг бус баримт бий гэнэ.
Тодруулбал, Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг бөгөөд түүнийг ямар замаар хэрхэн авсан талаараа тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тэдгээр барилгыг битүүмжлэн улсад хураах санал хууль сахиулагчид гаргасан аж.
Хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн асуудал юм. Түүнчлэн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгснийг нотлох баримт хууль сахиулагчдын гарт орсон аж. Эдгээр баримтад тулгуурлан Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан гэнэ.
Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Ц.Анандбазараас гадна “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал, “Дарханы зам”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Буяннэмэхийг ч бас холбогдуулаад байгааг хэд хэдэн эх сурвалж батлав.
Тайланд-Хонконг чиглэлийн онгоцонд террорист халдлага үйлдэх гэсэн этгээдийг таслан зогсоож, 216 хүний амийг аварсан хэмээн хэвлэлээр шуугьж байсан З.Буяннэмэх ньТ.Бадамжунайтай холбоотой бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын 6.3 сая ам.долларыг угаахад хамжигчаар оролцсон гэж буруутгагдаж байна. Уг мөнгөнөөс нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачлан бариулж эхэлсэн “Майдар” хот төслийн байршил руу авто зам тавьсан бөгөөд энэ мөнгө нь мөнөөх З.Буяннэмэхээр дамжсан баримтыг хууль сахиулагчид олж авсан гэдэг.
Ташрамд дурдахад, Т.Бадамжунайг баяр наадамд олны анхаарал хандсан үед батлан даалтад гаргасан. Уг нь энэ сарын 5-нд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах захирамж шүүгч гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат ны шүүхийн ерөнхий шүүгчид эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шаардлагатай хэмээн хүсэлт тавьсан гэнэ.
Шүүгч хүсэлтийг нь хянаж үзээд Т.Бадамжунайг энэ сарын 10-нд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гаргасан аж.