2035 он гэхэд эрэлт нь хоёр дахин нэмэгдэхээр байгаа зэсийн зах зээлийн өнгө энэ онд…

0

Лондоны Металлын биржид зэсийн агуулахын нөөц өнгөрсөн лхагва гарагт 5.7 хувиар өсөж, сүүлийн хоёр жилийн хамгийн дээд түвшинд хүрэв

Монголын Хөрөнгийн биржид мөнгө, зэсийг дуудлага худалдааны системээр арилжаалж эхлэхээр бэлтгэж буйг Засгийн газар мэдээлээд байна. “S&P Global”-ийн тооцоолсноор 2035 он гэхэд зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэхээр байгаа юм.

Эсрэгцсэн нөлөөллүүд

Ам.долларын ханш чангарах, БНХАУ-ын Төв банкны эдийн засгаа дэмжих арга хэмжээ зэрэгцсэнээр зэсийн үнэ сүүлийн байдлаар харьцангуй тогтворжоод байна. Тодруулбал: БНХАУ-ын Ардын банк арилжааны ихэнх банкнуудын заавал байлгах хөрөнгийн харьцааг 25 суурь нэгжээр бууруулах шийдвэр гаргасны дараа зэсийн фьючерс үнэ 0.1 хувиар унаж, тонн нь 8407 ам.доллар болоод байна.

Юань ам.долларын эсрэг суларч байгаад Бээжингийн эрх баригчид ямар арга хэмжээ авах эсэхэд арилжаалагчид анхаарал хандуулж байна. Дотоодын мөнгөн тэмдэгт чанга байснаар тус улсын арилжаалагч, үйлдвэрлэгчдийн хувьд импортын өртөг багасах юм. Энэ онд хамгийн доод түвшинд дөхөөд эргэн сэргэсэн юанийн ханштай зэсийн үнэ ихэвчлэн эерэг корреляцитай байдаг.

Нөөц дээд цэгтээ

Дэлхийн хамгийн том металлын бирж болох Лондоны Металлын биржид зэсийн агуулахын нөөц өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 5.7 хувиар өсөж, бараг хоёр жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн нь тус металлын эрэлт саарч буйн баталгааг нэмэгдүүлжээ. Дөнгөж гурван сарын өмнө зэсийн нөөц мөн хоёр жилийн доод түвшинд хүрч хумигдаж байснаас үзвэл энэ нь нэлээд огцом өөрчлөлт болж байна.

БНХАУ-ын эрэлт сэргэж, ногоон технологийн хэрэглээ нэмэгдэж, нийлүүлэлт бага түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэйгээр энэ онд зэсийн үнэд ихээхэн найдлага тавьж байсан арилжаалагчдын хувьд одоогоор тийм ч сэтгэл хангалуун бус байгаа юм.

“Codelco”-ийн барцад

Гарц нь эрс буурч, олборлолтын зардал нь нэмэгдэж, төслүүдэд нь саатал гарсантай зэрэгцэн өр нь хуримтлагдсаар буйн улмаас дэлхийн зэсийн хамгийн том ханган нийлүүлэгч “Codelco” одоогийн зээлжих зэрэглэлээ алдах эрсдэлтэй тулгараад байна. Чилийн Төрийн өмчит тус компанийн 19 тэрбум ам.доллароор хэмжигдэх нийт өр ирэх дөрвөн жилд 30 тэрбум болж өсөх боломжтойг “Cesco” судалгааны агентлаг тооцоолжээ.

Дээрх бүгдээс шалтгаалан тус компани 2023 оны олборлолтын зорилтоо 25 жилийн доод түвшинд хүргэж бууруулаад байгаа бол “BHP” , “Freeport-McMoRan” гэсэн өрсөлдөгчид нь салбарын тэргүүлэгчийн байр суурийг нь авахаар хөдөлж эхлээд байна.

“BHP” саяхан Австралийн олборлогч “OZ Minerals”-ийг худалдан авсны зэрэгцээ өнгөрсөн улиралд “Codelco”-оос илүү хэмжээний олборлолт хийсэн аж. Үүнээс гадна “Rio Tinto” Перу улс дахь “La Granja” зэсийн төслийнхөө 55 хувийг Канадын “First Quantum” компанид 105 сая ам.долларын дүн бүхий хэлцлээр худалдаад байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *