Уул уурхайн 7 хоног: Эрдэс баялгийн хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов

0

“Уул уурхайн 7 хоног” өнөөдөр эхэллээ. Австрали, Австри, АНУ, БНХАУ, АНЭУ, БНСУ, ХБНГУ, ИБУИНВУ, Испани, Канад, ОХУ, ӨАБНУ, Пакистан, Франц, Энэтхэг, Япон зэрэг 20 орчим улсын эрдэс баялгийн салбарын төрийн байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.

Таван өдөр үргэлжлэх энэ арга хэмжээнд Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч, Дэлхийн банк, ОУВС зэрэг 10 гаруй улсын олон улсын байгууллага, үндэсний ААН, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд гээд давхардсан тоогоор 3000 орчим оролцогч бүртгүүлсэн байна.



Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн бөгөөд тэрбээр, Монгол Улс уул уурхайн салбарын үйл ажиллагаа 100 жилийн босго давсныг дурдаад, одоо олборлолтоос боловсруулалтад шилжих шилжилтийг богино хугацаанд хийхэд анхаарч буйг онцлов.

Ялангуяа зэсээ бүрэн баяжуулж, нүүрсээ гүн боловсруулахаас эхлээд уул уурхайн баялгаа нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох учиртай.Энэ зорилтыг хангахад хариуцлагатай, нээлттэй, ил тод уул уурхайн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, түүн дотроо гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт, татварын орчин бий болгох, байгаль орчны эрсдэлийг бууруулах, дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна.

Г.БАТЦЭНГЭЛ: МОНГОЛ УЛС УРАНЫ САЛБАРТ ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ

Монголын уул уурхайн салбарын үндэсний ассоциацын Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар” сэдвээр эхний илтгэлийг тавилаа.

Уул уурхай бол хүн төрөлхтний хөгжлийн салшгүй нэг хэсэг. Хүн амын өсөлт, эдийн засгийн  Хөгжлийг дагаад уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2000-2021  оны хооронд Европ тивийн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 31 хувиар буурч, Ази, Австралид тус бүр 140 хувиар, Африкт 22 хувиар, Хойд Америкт 18, Өмнөд Америкт 8.3 хувиар нэмэгджээ. 



Хятад улс уул уурхайн салбарын маш том үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 25 хувь буюу ¼-ийг дотооддоо үйлдвэрлэж байна. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт олборлолтын том тоглогч юм.
ОХУ улс уул уурхайн үйлдвэрлэлийн 9 хувь, АНУ 10 хувь, Австрали 7 хувийг эзэлж байна.
Монгол Улс уул уурхайн найман төрлийн бүтээгдэхүүн зонхилон үйлдвэрлэж байна. Монголчуудын хувьд байгалийн баялаг ихтэй гэж боддог. Манай улсын хувьд нөөц боломжийн түвшинд байгаа боловч эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгаа тэлэх боломжийг бүрэн ашиглах чадахгүй байх шиг. 

Батлагдсан нөөц, олборлосон байдал:

  • Зэс- 61 сая тонн- 0.3 сая тонн
  • Нүүрс- 34.6 тэрбум тонн- 40  сая тонн
  • Төмрийн хүдэр- 1.8 тэрбум тонн- 9.4 сая тонн
  • Цайр- 4.7 сая тонн- 0.063 сая тонн
  • Хар тугалга- 1.7 сая тонн- 0.01 сая тонн
  • Мөнгө- 34.5 мянган тонн- 0.104 мянган тонн
  • Уран- 192 мянган тонн- 0 мянган тонн
  • Алт- 490 тонн- 23 тонныг олборлосон байна.

Алтны шороон ордны нөөц шавхагдсан. Үндсэн ордын хайгуул, олборлолт хийх шаардлага тулгарч байна.
Ураны нөөц харьцангуй өндөр орны тоонд тооцогддог, боломжоо ашиглаж энэ салбарт тоглогч болох боломжтой  гэв.

Дэлхийн зэсийн батлагдсан нөөц 900 сая орчим тонн, үйлдвэрлэл нь жилд 22 сая тонн. Монгол Улс зэсийн батлагдсан нөөцийн 7 хувийг бүрдүүлдэг, үйлдвэрлэлийн 1.4 хувийг эзэлдэг. Цахилгаан машин болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотой ирээдүйд зэсийн хэрэгцээ нэмэгдэнэ. Тэгэхээр манай улсын хувьд зэсийн нөөц, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Дэлхийн нүүрсний батлагдсан нөөц 1.1 тэрбум гаруй тонн, үүний 8.3 сая тонныг үйлдвэрлэсэн. Монгол Улсын нүүрсний батлагдсан нөөц 35 орчим тэрбум тонн бөгөөд дэлхийн нөөцийн 3.2 хувийг эзэлж байна.
 
Манай улсын хувьд хайгуулын зөвшөөрлийг бууруулсаар өнөөдөр 891 болсон нь хайгуулын салбар зогсонги байдалд орсныг харуулна. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт татрах бодит нөхцөл бий. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгааг тэрбээр илтгэлдээ онцолсон билээ.

Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРЖСОН

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өслөө. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв байна. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна” гэв. 

Экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх түвшинд очсон төдийгүй тэр үеэс давсан үзүүлэлттэй байна. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр борлуулж эхэлсэн. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн үнээр борлуулна. Боловсруулалтын түвшинг нэг шат ахиулахаар зорьж байна. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тээврийн салбарын либералчлал үргэлжилнэ. Биржийн тогтолцоог улам боловсронгуй болгоно. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа, учирч байгаа бэрхшээлийг шийдэхийн төлөө ажиллаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна” хэмээн “Mining Week-2023” чуулга уулзалтын индрээс онцоллоо.

Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдээ танилцуулах, зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, тулгамдсан асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцаж, шийдэлд хүрэх нь тус арга хэмжээний зорилго. 

Уул уурхайн салбарын экспортын орлого 2023 онд 13 тэрбум долларт хүрэхээр байгаа бол ирэх онд энэ үзүүлэлт өсөж, 16.2 тэрбумд хүрэх хүлээлт байна. Гэвч Орос Украин мөргөлдөөн, Хятад улсын эдийн засгийн төлөв зэрэгтэй холбоотой тааварлашгүй эрсдэл гарч болзошгүйг тооцооллын гадуур үлдээж болохгүйг илтгэлдээ дурьдсан.
Мөн тэрбээр хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг 2023 онд багтааж батлуулахаар ажиллаж буйгаа танилцуулав.

Мөн өдөр Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт сэдвээр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Хариуцлагатай уу уурхай ба байгаль орчин сэдвээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар илтгэл тавилаа. Үдээс хойших хуралдаанд нэгэн сонирхолтой зочин илтгэгч ирсэн нь Айвонхоу майнз компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд байв.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *