С.Төмөрдулам нь 2.5 тэрбумаар үнэлэгдэх 2 орон сууц, 5 авто зогсоол, үйлчилгээний зориулалтын нэг барилга эзэмшдэг
АТГ-аас Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газрын дарга бөгөөд Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дарга С.Төмөрдулам тэргүүтэй 37 албан тушаалтны гэрт нэгжлэг хийж, шалгалтын ажиллагаа явуулж эхэллээ.
АТГ-т шалгагдаж байгаа С.Төмөрдулам нь:
– 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, таван авто зогсоолтой, үйлчилгээний зориулалттай нэг барилга эзэмшдэг. Мөн С.Төмөрдулам Lexus-470, Lexus-570, Lexus RX-350 маркийн гурван жийп автомашин эзэмшдэг.
Түүний хоёр орон сууцны нэг нь нийслэлийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн хотхонд тооцогддог Хан-Уул дүүргийн 15-р хороо, Удирдалын академийн зүүн хойно байрлах “Жапан таун” буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны С2 блокийн … тоот хаягт бүртгэлтэй орон сууц аж.
Харин С.Төмөрдуламын үйлчилгээний зориулалттай нэг барилгын тухайд, С.Төмөрдулам, түүний нөхөр Т.Өлзийбаяр нарын “Нова партнерс” ХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Богд Жавзандамбын гудамж буюу Удирдлагын академийн эсрэг талд байрлах таван давхар оффисын барилгыг “Б” ХХК-тай хамтран эзэмшдэг аж.
С.Төмөрдулам, түүний нөхөр Т.Өлзийбаяр нарын эзэмшдэг “Нова партнерс” ХХК нь “Nova mebel” гэх брэнд тавилгын дэлгүүр ажиллуулдаг. “Nova mebel” брэнд тавилгын дэлгүүр нь хоёр салбартай бөгөөд нэг салбар нь дээр дурдсан Удирдлагын академийн эсрэг талд байрлах өөрийн барилгад байрладаг бол, нөгөө салбар нь Сансарын “Barilga mega store” худалдааны төвд тус тус байрладаг ажээ.
С.Төмөрдуламын хадам ах С.Өлзийсайхан нь “Талст” ХХК, “Талст групп” ХХК, “Хан” ХХК-уудыг эзэмшдэг. Тэгвэл С.Өлзийбаярын “Хан” ХХК нь Хотын “А” зэрэглэлийн бүс буюу Сүхбаатар дүүргийн I хороо, Эрүүл мэндийн яамны урд талд 1460700159 нэгж талбарын дугаартай 1762м2 газар эзэмшдэг. С.Өлзийбаяр 2020 онд энэ газар дээрээ “Монкон констракшн” ХХК-д захиалга өгч, “New horizon tower” гэх 15 давхар, 8700м2 талбайтай оффисын барилгыг бариулжээ. Улмаар “New horizon tower” барилгыг 2020 оны тавдугаар сарын 13-нд Улсын комиссын байнгын ашиглалтад хүлээн авах дүгнэлт гаргасан байна. Дээр дурдсанчлан 2019 оноос хойших орон сууц, оффисын бүх барилгын Улсын комиссыг С.Төмөрдулам даргалж, дүгнэлт гаргаж иржээ