Б.Жавхлан: Төсөв өргөн барьснаас хойш НӨАТ-ын 5 хувь гэх асуудал хөндөгдсөн. Одоогоор ямар ч тооцоо судалгаа алга

0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оы төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулав.

“Эдийн засаг цар тахлын өмнөх үед хүрч сэргээд байна. Тухайлбал, нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж, гадаад валютын нөөц 4,2 тэрбум ам.долларт хүрээд байна. Инфляц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар буурч, 10 хувьд хүрээд байна.Ирэх жил 60 сая тонн нүүрс экспортлох боломж бодитоор бүрдэж, эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, ДНБ 74 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Тиймээс эдийн засгийн өсөлттэй уялдуулан төсвийн хүрээний мэдэгдэл, төслийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. 2024 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25,3 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 27,4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2,1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 2,8 хувьд байхаар гарч байгаа юм” гэв.

УИХ-ын гишүүд төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүдээс асуулт, асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Засгийн газрын өр зээлтэй холбоотой гурван асуулт байна. Нэгдүгээрт, Хуралдай бондын үлдэгдэл төлбөрийг 2024 онд ахин санхүүжүүлнэ гэжээ. 392 сая долларыг гадаадын хөрөнгийн бирж дээр бонд гаргаж санхүүжүүлнэ гэхээр ямар хүүтэй, яаж санхүүжүүлэх вэ. Хоёрдугаарт, төсвийн алдагдал санхүүжүүлэхтэй холбоотойгоор 3,7 их наяд төгрөгийг дотоодод үнэт цаас гаргаж санхүүжүүлнэ гэсэн байна. Сая Улаанбаатар хот дотоод үнэт цаас гаргахад ойролцоогоор 17,8 хувийн хүүтэй бонд босгохоор тооцоолсон байсан. Засгийн газар бол 16-18 хувиар босгох байх. Тэгэхээр манай дотоод арилжааны банкуудын мөнгөн урсгал ер нь хэд байгаа вэ. Засгийн газар ямар хүүтэйгээр мөнгө босгох вэ. Тэр нь хувийн хэвшилд хэрхэн нөлөөлөх вэ. Мөнгөний бодлого асар хатуу орж ирнэ.Ийм алдагдалтай төсөв баталлаа л гэвэл мөнгөний бодлого 13-14 хувь руу очих байх. Дотоодоос мөнгө зээлэх арилжааны хүү 20 гаруй хувьд л очих гээд байна шүү. Гуравдугаарт, оффтейк гэрээтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” нь 1,5 тэрбум ам.долларын нүүрс нийлүүлээд 450 сая долларын алдагдал хүлээсэн гэж байсан. Бараг 2 их наяд төгрөг. Гэтэл дахиад оффтейк гэрээгээр 1,5 тэрбум ам.долларын нүүрс нийлүүлнэ гэхээр 32 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаагаа хэзээ болих вэ.

 Сангийн сайд Б.Жавхлан:

Дотоодын бондын хүү ярих арай эрт байна. Алдагдлыг юугаар нөхөх вэ гэдэг асуудал ч гэсэн төсөв батлагдсаны дараа гүйцэтгэл гараад эхлэхээр алдагдлыг нөхөх маш олон эх үүсвэр бий. Энэ жил бид төсвийн давсан орлоготой гарахаар байна. 2022 онд бараг 1 их наяд төгрөгийн давсан орлоготой гарч, алдагдлаа 40 хувь бууруулсан. Энэ жил ч энэ хавьцаа дүн гарах байх. 2024 оны хувьд ч иймэрхүү эх үүсвэр гарч ирэх боломжтой. Гадаад зээлээр ч төсвийн алдагдал дээр эх үүсвэр байж болно. Шаардлагатай бол дотоодын бонд гаргана. Гэхдээ дотоодын бонд өндөр хүүтэй учраас хамгийн сүүлийн хүнд хувилбар.

Оффтейк гэрээний хувьд Д.Ганбат дарга хариулна.

УИХ-ын гишүүн А.Баделхан:

НӨАТ-ын эргэн төлөлтийг 5 хувь болгох боломж байгаа юм уу. Өргөн баригдсан төсөв дээр энэ асуудал огт алга. Гэтэл яагаад өнөөдөр яригдаж байна вэ

Б.Жавхлан:

Төсөв өргөн барьснаас хойш НӨАТ-ын асуудал гарч ирсэн. Энэ чинь татварын тогтолцооны асуудал. Одоогоор энэ асуудлыг ямар үндэслэлээр гаргаж ирснийг тухайн сэдвийг хөндсөн талаас нь асуумаар байна. Бидэн дээр өнөөдөр ямар ч баримт ирээгүй байна. Тэр тооцоо судалгаанаас нь харж байж, яримаар байна шүү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *