Хятад дахь айлчлалынх нь үеэр Путиний цөмийн цүнх хэвлэлийн дуранд өртжээ
Лхагва гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний цөмийн цүнх хэвлэлийн дуранд өртсөн байна.
Путин Бээжинд айлчлалтай байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа өөр нэг уулзалт руу аюулгүй байдлын хамгаалалтын хамтаар алхаж, араас нь цэргийн дүрэмт хувцас бүхий, цүнх барьсан Оросын тэнгисийн цэргийн хоёр офицер явж буй бичлэг цацагджээ.
Тэгвэл офицеруудын нэгийнх нь барьсан цүнх цөмийн цохилтын зөвшөөрөл өгөхөд зориулсан цүнх байсан байна.
“Чегет” буюу Кавказын нурууны Чегет уулын нэрээр нэрлэгдсэн Оросын цөмийн цүнхийг тэнгисийн цэргийн офицер авч явдаг уламжлалтай. Эдгээр офицерууд үргэлж ерөнхийлөгчийг дагалдаж явдаг ч хэвлэлийн дуранд бараг өртдөггүй.
“РИА” агентлагийн “Telegram”-д нийтэлсэн бичлэгийн дор “Энэ цүнхгүйгээр Путин ямар ч аялалд явдаггүй” гэж бичжээ.
Үндсэндээ, цүнхэн дотор ерөнхийлөгчид цэргийн дээд цолтон, цаашлаад пуужингийн хүчнийхэнтэй холбогдож, тушаал өгөх боломжийг олгох маш нууцлагдмал “Казбек” хэрэгсэл байдаг.
Оросын Батлан хамгаалахын сайд мөн ийм цөмийн цүнхтэй. Ерөнхий штабын дарга, одоогоор Валерий Герасимовыг ч бас ийм цүнхтэй байж магадгүй гэж үздэг.
2019 онд Оросын “Звезда” телевиз цөмийн цүнхнүүдийн нэгийг танилцуулж байсан ба бичлэгт харуулснаар “тушаал” гэсэн хэсэгт “эхлүүлэх” болон “цуцлах” гэсэн хоёр товч байжээ. “Звезда”-ийн мэдээлснээр цүнх нь тусгай флаш картаар идэвхэждэг байна.
АНУ-ын ерөнхийлөгчид мөн “nuclear football” нэртэй ийм цүнх байдаг. Ерөнхийлөгч Цагаан ордноос өөр газар явж байгаа тохиолдолд цөмийн пуужин харвах тушаалыг баталгаажуулахад шаардагддаг кодууд уг цүнхэнд байдаг байна.
Оросын Ерөнхийлөгч асан Борис Ельциний хэрэглэж байсан цөмийн цүнхнүүдийн нэг Екатеринбург дахь Ельциний музейд хадгалагддаг байна.
Эх сурвалж: Reuters