О.Цогтгэрэл: 20 их наяд төгрөгийн зарцуулалтын талаарх сонсгол шинжээчгүй учир хийх боломжгүй

0
https://youtu.be/KM_eh-WJBZo?si=hNu1jLKB4IHMogqw

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол болж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Хөгжлийн банкны ерөнхий хяналтын сонсголд хэчнээн шинжээч ажиллуулж, нэг жилийн хугацаанд тэдгээрийг шинжлэх боломж бололцоог олгож байсан билээ. Гэтэл цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтын талаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах гурван шинжээчийг 14 хоногийн хугацаанд ажиллуулах нөхцөл боломжоор хангаад өгөөч гэдэг хүсэлтээ бид тавьсан. Гэсэн ч тавьж өгөөгүй. Иймд ерөнхий сонсголыг шинжээчгүй явуулах боломжгүй гэдгээ илэрхийлж, хойшлуулах хүсэлт тавьсан ч хүлээн авсангүй. 

Хөгжлийн банкны мөнгөн дүн бол 1 их наяд төгрөг байсан. Харин өнөөдөр түүнээс 20 дахин их мөнгө байж болох мөнгөн дүнгийн талаар ярих гэж байна. Шинжээчгүйгээр асуудал ярих дээрээ тулчихаад байна. Бодит мэдээллийг шинжлэн судалж иргэдэд мэдээлэл өгөх боломж хомс байна. Бид шүүхийн байгууллага, мөрдөн байцаагч, прокурор биш учраас шууд дүгнэлт хийх нь учир дутагдалтай.

Тухайлбал иргэдээс ирсэн гомдол мэдээллийг дурдаж хэлье. Эрүүл мэндийг хамгаалах хэрэгслийг 63 тэрбум төгрөгөөр авсан. Эдгээрээс 20 орчим тэрбум төгрөгийг ямар ч хэрэгцээ шаардлагагүй, цар тахлын дэглэм өөрчлөгдсөн үед авсан. Энэ худалдан авсан хэрэгсэл эмнэлгүүдийн одоо агуулах хадгалагдаж байгаа. Мөн 10 тэрбум төгрөгөөр цус шинжлэх бүтээгдэхүүн авсан. Үүнийгээ бараг ашиглаагүй гэдэг мэдээлэл байна. Үүнийг бид хэлэхээсээ илүүтэйгээр шинжээч үүн дээр үнэлэлт дүгнэлт хийж, хэн хаанаас хэдээр авсан бэ гэдгийг хэлэх ёстой гэж үзэж байна. Иймд өнөөдрийн сонсголыг хийх боломжгүй гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг “Нийтийн сонсгол хийх нэрийдлээр улс төр хийхээ болих хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн турш цуглуулсан, хяналт шалгалтаар баталгаажсан мэдээллийг авчирлаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэр хүндтэй энэ сонсгол холбоотой”  хэмээн шүүмжлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *