“Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийг шинээр томилно

0

Засгийн газрын “Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ.

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэмийг хуульд заасан зургаан сарын хугацаагаар тогтоож, 2023 оны дөрөвдүгээр сард нэг удаа дахин зургаан сараар сунгасан билээ. Ингэснээр тус компанид тогтоосон онцгой дэглэм нэг жилийн хугацаанд үргэлжилж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат удирдав.

Энэ хугацаанд тус компанийн үйл ажиллагаа сайжирсан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ хил нөхцөл болон биржээр борлуулж 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Санхүүгийн сахилга батыг сайжруулан өр төлбөрийг хоёр их наядаар бууруулж 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Мөн нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ байгаагүй их олборлолт, борлуулалт хийж, улсын төсвийг давуулан биелүүлсэн. Үүний үр дүнгээр өнгөрсөн долдугаар сард төсөвт тодотгол хийж, цалин тэтгэврээ нэмсэн билээ. Үүнээс харахад, тус компанид тогтоосон Засгийн газрын онцгой дэглэм үр дүндээ хүрч, компани хямралаас гарч, үр ашигтай ажиллаад эхэлсэн. Тиймээс шинээр онцгой дэглэм тогтоох бус шинэ гүйцэтгэх захирлыг томилох ёстой.

Гэтэл Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг цааш үргэлжлүүлэхээр болжээ. 1991 онд баталсан “БНМАУ-ын Засгийн газарт  эрх олгох тухай хууль”-ийг үндэслэн онцгой дэглэм тогтоож буй аж. Уг нь тус хуульд зааснаар онцгой дэглэмийг дахин сунгах боломжгүй юм. Харин хуульд “Онцгой дэглэм дуусгавар болсноос хойш 30 хоногоос доошгүй хугацаа өнгөрсний дараа тухайн үйлдвэрийн газар, байгууллагад дахин онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага гарвал БНМАУ-ын Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Тэгвэл нэгдүгээр зүйлд “1.Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэж заажээ. Тиймээс Засгийн газар дээрх хуулийн заалтуудыг үндэслэн “Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоохоор зэхэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, өмнө тогтоосон онцгой дэглэм хуулийн дагуу дуусгавар болж дахин шинээр онцгой дэглэм тогтоох юм. Ингэхдээ Засгийн газрын БЭТ Ж.Ганбатыг дахин томилохгүй бөгөөд шинэ БЭТ томилно гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Хуульд онцгой дэглэм тогтоосон хугацаа дуусгавар болсноос хойш 30 хоногоос доошгүй хугацаанд дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг ярина гэж заасан. Тиймээс энэ оны сүүлээр Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид дахин онцгой дэглэм тогтоох бололтой. Ингэснээр сонгууль хүртэл тус компани онцгой дэглэмтэй байх бөгөөд шинээр бүрдэх их хурал шинэ гүйцэтгэх захирлыг томилох нөхцөл бүрдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *