Энэ онд Монголын махны зах зээл $1.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна

0

Энэ онд Монголын махны зах зээл $1.1 тэрбум, ирэх 5 жилд зах зээл жил бүр 13.7% өсөх төлөвтэй байна гэнээ. Бид чинь хаашаа яаж мах экспортлоод байгаа билээ?  

Ахиц, ахиц

Энэ оны эхний 10 сарын байдлаар $127.4 саяын мах экспортолжээ. Үүний дийлэнх буюу 82.1%-ийг адууны мах, 17.3%-ийг хонь, ямааны мах, үлдсэн хэсгийг үхрийн хөлдүү махны экспорт бүрдүүлж буй.  

  • Дажгүй шүү: Ер нь бол махны экспорт 2017 оноос хойш жилд дунджаар 49.3% өссөн байгаа юм. Ковид-19-ийн нөлөөгөөр 2019-2021 онд нэг их мах экспортолж чадаагүй ч энэ жилээс нэлээд сэргэж, эхний 10 сарын экспортоороо дээд амжилт тогтоогоод байна.  
  • Хаашаа гаргаад байна аа? Хонь, ямааны махыг Азербайжан болон Иран руу, адууны махыг Хятад, Казахстан, Киргизстан, Орос руу, үхрийн махыг зөвхөн Узбекстан руу экспортолж байгаа.  

Хятадын нөмөрт 

Монгол 71.1 сая толгой малтай ч өнгөрсөн онд ХАА-н салбар ДНБ-ий ердөө 13%-ийг л бүрдүүлсэн. Харин энэ онд Монголын махны зах зээлийн хэмжээ $1.1 тэрбумд хүрч, цаашид ч нэмэгдэхээр байгаа аж. Гэхдээ яаж?  

  • Хөршөө л бараадна: Яаж юу байх вэ дээ, Хятад руу экспортлох махны хэмжээ нэмэгдэх нь. Учир нь Хятадын махны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж 2025 он гэхэд 1 хүний жилийн махны хэрэглээ нь 51.5 кг-д хүрэхээр байгаа. Энэ нь мэдээж тэдний амьжиргааны түвшин сайжирч байгаатай холбоотой. Тиймээс л манай махны зах зээлд оч бадрахаар харагдаж байгаа хэрэг.  

Ирээдүй байна уу? 

Манайд мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч нийт хүчин чадлынхаа 10% хүрэхгүй хэсгийг ашиглаж байгаа. Түүнчлэн сүүлийн 5 жилд дунджаар 35.7 мянган тн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь ХАА-гаас бэлтгэсэн махны ердөө 6.2%-ийг бүрдүүлсэн байна. Тэгэхээр уг нь бол махныхаа стандартыг сайжруулчихвал, үйлдвэрийн хүчин чадал, зах зээл нь ч байна даа. Тэгэхээр Монголын махны зах зээл улам тэлж болохоор.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *