Уранаас УХРАХ шалтгаан алга

0

“Олборлолт” гэдэг үг монголчуудад овоолж сэндийчсэн газар шороо гэсэн ойлголтыг өгөөд олон жил болж. Байгалийн баялгийг ингэж л гаргаж авдаг гэсэн мэдлэгтэй түмний буруу ч гэж юу байх вэ. Хариуцлагагүй уул уурхайн үр дүн л энд хүрчихсэн хэрэг. Манай улс дахь уран олборлолтын сураг бидний дээрх ойлголтыг сэрээж, ухаж төнхөөд эхэлбэл удам угсаагаараа сүйрнэ гэж тэвдээд дээд доодгүй эсэргүүцээд цөөнгүй жилийг үдлээ. Харин одоо бидэнд мэдлэгжих, мэдээлэлжих шаардлага зайлшгүй байна.

ТЭГВЭЛ УРАН ҮНЭХЭЭР АЮУЛТАЙ ЮУ, УРАН БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ, ХЭРЭГГҮЙ ЮУ?

“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. “Зөөвч-Овоо” төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатных юм. Цаашид 50 жил үргэлжлэх боломжтой энэ төслийг 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлснээр эхлүүлсэн байдаг.

 Ордын бүртгэгдсэн нөөц 100.345 тонн бөгөөд үүнээс ашиглаж болох нөөц 87.660 тонн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны аравдугаар сард Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын “Орано Майнинг” групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан. Учир нь төслийн гүйцэтгэгч “Бадрах Энержи” компанийн 34 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшдэг бол, 66 хувь нь Францын төрийн өмчит “Орано Майнинг” компанид бий. 

Ажлын хэсгийн протоколд тусгаснаар хувь эзэмшлийг өөрчилж, Монгол Улс давуу эрхтэй 10 хувийн хувьцаа эзэмшиж, зөвхөн татварын орлогоо авахаар урьдчилан тохирлоо. Мөн энэ удаагийн хөрөнгө оруулалтын гэрээг өмнөх томоохон хөрөнгө оруулалтын гэрээний алдааг давтахгүйгээр, монголчуудад ашигтай байдлаар байгуулах нь зүйтэй гэж талууд тохиролцсон юм.

Хоёр улсын Засгийн газар энэ ондоо багтааж хөрөнгө оруулалтын гэрээг хийж чадвал уурхайн боловсруулах шинэ үйлдвэр, ажилчдын байр барьж ашиглалтад оруулна. Харин одоо байгаа туршилтын үйлдвэрийг сургалтын байдлаар ашиглах аж. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2024 оноос бүтээн байгуулалт эхэлнэ. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 2028 оноос эхлэн олборлолт эхлүүлэх бөгөөд жилд 2500 тонн уран олборлож, үйлдвэрлэх юм байна. 

Тэгвэл газар дээрээ буюу Дорноговь аймагт энэхүү төслийн явц ямар байгаатай танилцлаа.

10 ТОНН УРАНЫГ ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИОР ГАРГАЖ АВЧЭЭ

“Зөөвч-Овоо” орд дээр Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийг ашигладаг аж. ГДУО арга нь олборлолтын уламжлалт аргууд болох ил болон гүнийн уурхайгаар олборлох боломжгүй элсэн чулуун дахь ураны ордыг олборлоход ашигладаг арга юм. Энэ аргыг уран олборлоход хамгийн өргөн ашигладаг бөгөөд бусад металл, тухайлбал зэс олборлож ч болдог байна.

 Өнөөдөр дэлхийд олборлож байгаа ураны 48 хувийг тус аргаар олборлож байна. 

ГАЗРЫН ДООР УУСГАН ОЛБОРЛОХ АРГА ЯМАР ЗАРЧМААР ЯВАГДДАГ ВЭ?

Геологийн нөхцөл тохиромжтой байх үед Газрын доор уусган олборлох аргыг агуулга багатай ураны ордыг олборлоход ашиглах боломжтой. Бага хэмжээний гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, 2 хувийн концентрацтай хүхрийн хүчил нэмнэ. Хүчилжүүлсэн усны рН буюу хатуулаг нь 1.5 байдаг аж. Хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү шахах цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ өөртөө ураныг уусгаад, цаашлаад соруулах цооногт хүрч газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг. Үүний дараа ураныг шингэнээс нь салган, худалдаалах боломжтой ураны концентрат буюу ураны хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. ГДУО аргыг ашигласнаар уран агуулагч хүдрийг газрын гадаргад гаргаж ирэлгүй металыг нь олборлодог аж.

ГДУО арга нь ил болон гүний уламжлалт уурхайн аргуудтай харьцуулахад эдийн засгийн үр ашиг, техник технологи мөн байгаль орчны хувьд олон давуу талтай гэнэ.

Үүнд:

-Хаягдал буюу хүдрийн биетийг зөөвөрлөхгүй.

-Ил нүх, хаягдлын овоолго үүсэхгүй.

-Олборлолт хийхэд ус шавхах шаардлагагүй.

-Байгалийн төрхийг хамгийн бага хөндөнө.

Хамгийн бага хэмжээнд шуугиан, тоос, дизель зэргийг ялгаруулна (хүнд техник тоног төхөөрөмжийн хэрэглээ хамгийн бага, тээвэрлэлтийн зам үүсэхгүй) зэрэг давуу талтай гэдгийг “Бадрах Энержи” компанийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Ганхуяг хэлсэн.

Манай улс яагаад ураны олборлолтыг чухалчлах болов. Үүнийг хүн бүр мэдэж байхад гэмгүй юм. Учир нь 1 грамм уранаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний дулаан үйлдвэрлэдэг билээ. Үүнд л хамгийн гол учир бий. 

Манай улсын нийт эдийн засгийн 97 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Гэтэл Дэлхийн банкны түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын 2023 оны тайланд “Нүүрсний үнэ 42 хувиар буурах төлөвтэй байна” гэсэн нь Монгол Улсын хувьд бараан мэдээ юм. Үүгээр зогсохгүй хамгийн том худалдан авагч болох БНХАУ нүүрснээс татгалзах зорилт тавьсан нь алсдаа манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Иймээс л Монгол Улс ураны олборлолтоо эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна.  

УРАН ОЛБОРЛОЛТ ХҮН, МАЛД ХОРТОЙ ЮУ?

Мэдээж энэ асуудалд хэн ч санаа зовно. Нутгийн иргэдийн айж эмээх ч зөв юм. Иймд хор хөнөөлийн талаар “Бадрах энержи” компанийн Цацрагийн супервайзер Д.Батманлайгаас тодруулахад “Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд судалгаа, хяналтыг тогтмол хийж байсан. Хүн, малын эрүүл мэнд дэх судалгааны дүгнэлтийг харахад “Бадрах энержи” компанийн Дорноговь аймагт явуулж буй үйл ажиллагаа хүн, мал, амьтанд сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй гэдэг нь нотлогдсон” гэлээ.

МОНГОЛ УЛС УРАНЫ САЛБАРЫН ТОМ ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ

“Бадрах энержи” ХХК нь Монгол, Францын төрийн өмчит хоёр компанийн эзэмшлийнх гэдгийг бид дурьдсан. Өөрөөр хэлбэл, 34 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшдэг бөгөөд тус компанийн захирал С.Наранцогт дараах мэдээллийг өгсөн юм.

-Ураны хайгуул онцлогтой учир сансрын хиймэл дагуулаас үздэг болсон юм байна. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр Францын Геологийн албатай сансрын болоод хайгуул судлалынх салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд цаашдаа хиймэл дагуулаас хайгуул хийнэ.

Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай хийвэл Монгол Улс ураны салбарын том тоглогч болох боломжтой юм. Эхний байдлаар тохирсон зүйлүүдэд бид ямар ч байсан Казахстанаас хамаагүй сайн нөхцөл тохироод байгаа. Үүнээс онцлоход манай улс хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон. Дээр нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа эдэлнэ. Анх хоёр улс уран олборлох тал дээр гэрээ хийж байхад ураны ислийн үнэ 53 ам.доллар байсан. Өнөөдөр 72 ам.доллар. Эндээс дундаж үнийг тооцоолоод үзэхээр төслөөс орж ирэх борлуулалтын орлого 12 тэрбум ам.доллар болж, татвараар 3.2 тэрбум ам.долларын төвлөрүүлнэ. Мөн 3.4 тэрбум ам.доллар нь хөрөнгө оруулагчийн ногдол ашиг болж орж ирнэ. Энэ төслөөс монголчуудад ирэх үр ашиг нь маш өндөр байна гэж тооцоолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсөл эхлээ л бол бид ашиг хүртэж эхэлнэ” гэсэн юм.

Иймд уранаас УХРАХ шалтгаан одоогоор бидэнд алга…

Төслийн эдийн засгийн үр өгөөж

-Төслийн удирдлагын бүтцэд Засгийн газрын санхүүжилт ашиглах шаардлагагүй.

-Төслийн хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд 1 тэрбум гаруй ам.долларын албан татвар төлнө.

-Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ.

-Орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Гэрэл зургуудыг MPA.mn

ТАНИН МЭДЭХҮЙ: БАЙГАЛИЙН УРАН

Уран нь манай гарагийн ус, хөрс, хад чулуунд өргөн тархсан байгалийн металл юм. Хүний биед ч 90-150 микро-грамм хүртэлх хэмжээний уран агуулагдаж байдаг.

Ураны байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалдаг дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ чанараараа уран цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд болдог.

Дээр хэлсэнчлэн уран далай, тэнгисийн ус гэх мэтчилэн хаа сайгүй байдаг. Уран их хэмжээгээр илэрсэн газруудад ураны уурхай ажиллуулдаг.

#ОНЦОЛСОН, #УРАН, #УРАН ОЛБОРЛОЛТ,

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *