Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг цалингийн зардлаасаа ТУЗ-ийн дарга, гишүүддээ урамшуулал олгосон нь аудитын шалгалтаар ил болжээ
Одоогоос хоёр жил орчмын өмнө Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, захирлаар нь Ч.Батзоригийг томилж байв.
Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр дээрх нэгжийг байгуулсан.
Улмаар тус нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон байдаг. ТУЗ-ийн даргаар НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ажилладаг бол гишүүдээр нь НИТХ-ын төлөөлөгч Б.Одсүрэн, Ж.Алдаржавхлан, П.Ганзориг, Б.Мөнхбат, Ж.Сандагсүрэн, Д.Пүрэвдаваа болон Хотын дарга асан Д.Сумъяабазарын туслах байсан Т.Оюунчимэг нарын хүмүүс багтдаг байна. Тэд сар бүр 550 мянган төгрөгийн цалин авдаг аж. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь цалингийн зардлаасаа ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичиг дарга нарт 46.1 сая төгрөгийн урамшуулал олгосон болох нь аудитын шалгалтаар ил болжээ. Мөн орон тоонд батлагдаагүй өөр байгууллагын ажилтанд 27.9 сая төгрөгийн цалин олгосон байжээ.
Түүнчлэн байгууллагын бүтэц орон тоонд орчуулагч, судлаач орон тоогоор ажиллуулан цалинжуулсан боловч гэрээгээр орчуулагч авч ажиллуулан 17.5 сая төгрөгийн ажлын хөлс олгосон болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүгээр зогсохгүй бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ байгуулаагүй, гэрээ дүгнээгүй, ажлын тайлан хавсаргаагүй зэрэг бүрдэл дутуу анхан шатны баримтаар 115.1 сая төгрөгийн төлбөрийг барагдуулсан, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд гэрээ байгуулж 196.6 сая төгрөгийн төсөв зарцуулсан зэрэг нэлээд олон зөрчил илэрчээ. Энэ бүхнээс үзэхэд, магадгүй түгжрэлд зарцуулах хөрөнгө нь энэ мэтээр үр ашиггүй зүйлд зарцуулагддаг байхыг үгүйсгэхгүй юм.
Эх сурвалж: isee.mn