“Талийгаач уушгины хавантай байсан байж болзошгүй байгаа” тул Цэрэг татлагын комисс, 326 дугаар ангийн удирдлагад хариуцлага тооцох асуудлыг ярьж магадгүй байна

0

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө гарсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдөр /2023.11.15/-ийн хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус хэргийн талаар танилцуулга хийх аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өмнө нь цэргийн ангиудад гарсан цэрэг амиа алдсан хэргүүдийг ч мөн багцлан хэлэлцэж, цаашид хэрхэх талаар тодорхой шийдвэрийг гаргах” гэнэ. Мөн цэрэг нас барсан асуудалд буруутай гэж үзсэн зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцож магадгүй байна.  

Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид нас барсан цэргийн алба хаагч 21 настай  Д нь “уушигны хаван” өвчтэй байсан байж болзошгүй байгаа аж. Гэтэл өнгөрөгч аравдугаар сар /2023.10/-д түүний энэхүү өвчнийг мэдсээр байж, цэрэгт татсан нэр бүхий дүүргийн цэрэг татлагын комиссын тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж магадгүй байна.

Зарим албан бус эх сурвалжууд,“Д хүүг эрүүл мэндийн үзлэгт орох үеэр түүнийг уушгины хавантай гэдгийг цэрэг татлагын комиссынхон мэдсэн. Гэтэл цэрэгт очоод уушгины хаван өвчин чинь эдгэнэ гэж хэлээд цэргийн албанд явуулсан байж болзошгүй байгаа” гэх мэдээллийг ч өгч байгаа юм. Харин талийгаачийн эцэг, эх “Хүүг минь цэргийн албанд хүчээр авч явсан” тухай ярьж байгаа нь  ч үүнтэй холбоотой байж магадгүй. 

Улмаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд шинээр татагдсан цэргийн алба хаагчдыг тангаргийн баярт нь бэлдүүлж, каринтид байлгах хугацаандаа тэдний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэт өндөр ачаалал өгсөн дасгал, хөдөлгөөн хийлгэсэн эсэхийг ч шалгаж улмаар тус ангийн дарга, удирдлагуудад хариуцлага тооцох нь тодорхой болоод байгаа аж. 

Мөн цэргийн ангийнхан талийгаачийн эцэг, эхэд хүндэтгэлгүй хандаж, мэдээлэл өгөөгүй зэрэгт давхар буруутгагдаж байгаа. Иймд Зэвсэгт хүчний жанжин штабаас 326 дугаар цэргийн ангид дотоод хяналт шалгалтыг хийж эхэлсэн байна. Мөн цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа бөгөөд албан ёсны хариу одоогоор гараагүй байгаа юм. 


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *