“Ногоон автобус”-ны хэргээр Ж.Сүхбаатар, Ж.Сандагсүрэн нарын 25 албан тушаалтныг шалгаж байгаа бол Д.Сумъяабазар сугарч үлджээ

0

БНСУ-ын “Zyle daewoo” үйлдвэрээс “Евро 5” хөдөлгүүртэй, 100 ширхэг ногоон автобусыг энэ намар оруулж ирсэн ч “Евро 2” хөдөлгүүртэй, хуучин автобус болох нь тогтоогдсон. Улмаар уг хэрэгт 25 хүнийг яллагдагчаар татаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж шалгаж байгаа бол заримыг нь Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. 

Тэгвэл “Ногоон автобус”-ны хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь төрийн алба хаагч байна.

Тухайлбал,

  1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал,
  2. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, 
  3. Нийтийн тээврийн дарга асан С.Жавхлантбаатар
  4. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван,
  5. Нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн,
  6. НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт
  7. .ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Алтаншагай
  8. Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар,
  9. Нийтийн тээврийн улсын байцаагч О.Сүхбаатар
  10. Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзул,
  11. ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогтбаатар
  12. Нийслэлийн нийтийн тээврийн газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Баярмаа
  13. “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг
  14. “Тэнүүн-Огоо” компанийн захирал асан Ж.Эрдэнэбат,
  15. БНСУ-ын иргэн Лий Жунг Суб 
  16. БНСУ-ын иргэн Ким Киабаум
  17. БНСУ-ын иргэн Пак Чол Су
  18. БНСУ-ын иргэн Ки Ёл Ким нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа. 

Харин улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Хотын орлогч асан Ж.Сандагсүрэн нар байгаа аж.

Харин тэдний дунд “Ногоон автобус”-ны хэргээр суудлаасаа буусан Хотын дарга асан Д.Сумъяабазар байхгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 

Угтаа 2023 оны улсын төсөвт Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Товчхондоо, Ж.Сүхбаатар 339 тэрбум төгрөгийн захиран зарцуулагч нь гэсэн үг. Энэ ч утгаараа тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус” авч, 21 тэрбумаар нь Нийтийн тээврийн автопарк шинэчлэлд зарцуулсан.

Харин 318 тэрбумаар автобус худалдан авах ажлын хэсгийг Д.Сумъяабазарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1520 дугаартай захирамжаар байгуулсан байдаг. Энэ ч үүднээсээ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг “Ногоон автобус”-ны хэрэгт шалгагдах ёстой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Гэтэл Хотын дарга асан Д.Сумъяабазар “Ногоон автобус”-ны асуудлаар ажлаа өгсөн ч хэргээс сугарч үлдэж байгаа бололтой. 

Эх сурвалж: Isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *