Танилц: “Бодь интернэйшнл”-тэй хийсэн оффтейк гэрээ
Нүүрсний сонсголын хоёрдугаар шат эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Хуваарь ёсоор өнөөдөр дөрөв дэх өдөр нь бөгөөд, үүгээр төмөр замын оффтейк гэрээ, улмаар “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, “Бодь интернэйшнл”-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хүмүүсийг гэрчээр дуудсан.
Х.Баттулгын үед Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг санхүүжилтээ урьдчилан авч, төлбөрөө нүүрсээр хийх оффтейк гэрээгээр барьсан байдаг. Харин нүүрсний хулгайн асуудал ноднингийн өдийд хүчээ аван сөхөгдөж байх үес, улсын нууцад авсан байсан оффтейк гэрээнүүдийг Засгийн газрын шийдвэрээр ил болгосон удаатай.
Тухайн үед бид ил болсон гэрээнүүдтэй танилцан, уншигчдад ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж, цувралаар хүргэж байв.
Харин өнөөдөр Гашуунсухайтын төмөр зам, “Голомт”-ын Д.Баясгалан, түүний “Бодь интернэйшнл” компани, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг гэрчээр дуудагдсан, энэ асуудал нээлттэй яригдах хүлээлт үүссэнтэй холбогдуулан, дээрх цуврал нийтлэлийг нэг дороос багцлан хүргэж байна.
Тодруулах юм бол,
- Гашуунсухайтын төмөр замын хүрээнд: “Бодь интернэшнл” $895.6 саяыг нүүрсээр “бартердаж”, $110 саяыг урьдчилж авсан
- Мөн Богдхан төмөр замын хүрээнд: “Бодь интернэшнл” $734.6 саяыг нүүрсээр “бартердаж”, $670 сая хэрхэх нь тодорхойгүй хоёр гэрээний тайлбартай танилцах линкийг хавсаргав.
Үүнээс Гашуунсухайтын гэрээ хамгийн их анхаарал татах бөгөөд өнөөдөр голчлон яригдах учиртай.