Зүүн Азийн залуучуудын наадмыг хийхээр улсын төсвийн 10 тэрбумыг шингээж барьсан барилгыг “балгас” болгосон хэрэгт нийслэлийн хэд, хэдэн даргыг шалгаж байна

0

Өнгөрсөн наймдугаар сард манай улсын гардан зохион байгуулсан Зүүн Азийн залуучуудын II наадамд Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч аль долоон жилийн өмнөөс буюу 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр 268 дугаартай тогтоолыг гарган бэлдэж эхэлсэн байдаг.

Уг тогтоолд

  1. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтсугай.
  2. Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулах үндэсний хороог байгуулан бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт тус, тус даалгасугай.
  3. Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2019 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн төсөлд жил бүр тусган шийдвэрлүүлэх арга хэмжээ авч, гадаад, дотоодын хандив, тусламжаар бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг Сангийн сайдыэн үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт тус тус даалгасугай.
  4. Наадмын бэлтгэл хангах ажлын явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай гэж тусгаад тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Эрдэнэбат гарын үсэг зуран, үүрэг өгчээ. Тогтоолын ЭНДдарж унших.

-ТУС НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ТУЛД “УЛААНБААТАР СПОРТ МЕНЕЖМЕНТ ХК”-Г БАЙГУУЛЖ ЗАХИРЛААР НЬ ЖЕНКО Х.БАТТУЛЫН ХАМААРАЛ БҮХИЙ Б.ТАМИРЫГ ТУЗ-ИЙН ДАРГААР НИТХ-ЫН ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОМИЛСОН-

Манай улс уг наадмыг зохион байгуулах эрхийг авахын төлөө 2014 оноос хойш хөөцөлдсөн гэж спортын холбоод мэдээлдэг. Сануулбал, уг ажлыг тухайн үед Хотын даргаар ажиллаж байсан С.Батболд гардан хариуцаж байсан ч удалгүй огцорсон. Түүнийг огцорсноос хойш Д.Сумъяабазар хариуцаж, зохион байгуулах хорооны даргаар ажилласан юм. Тэр бүү хэл энэ наадмыг зохион байгуулахын тулд 2019 онд НИТХ-аас 65 дугаар тогтоол  гаргаж “Улаанбаатар спорт менежмент” гэх төрийн өмчит хувьцаат компанийг байгуулсан юм.

Энэ компанийн захирлаар Б.Тамир, ТУЗ-ийн даргаар нь НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажилласан бөгөөд  зорилго нь энэ нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг байв.  

Гэвч  Б.Тамир нь тус наадамд зориулсан спорт цогцолборыг барих ажлыг хамаарал бүхий этгээдийнхээ компанид даатгаснаас болж бүх ажил нурж наймдугаар сард барилгын ажлыг амжиж дуусгаагүйгээс үүдэн тус наадмыг бид Буянт-Ухаа спорт цогцолбор, Монгол бөхийн өргөө, Степ Арена зэрэг өөр, өөр обьектод зохион байгуулсан.

-Б.ТАМИРЫН НАЙЗЫНХ НЬ КОМПАНИ ТУС БАРИЛГЫГ ДУУСГҮЙГЭЭС БОЛЖ ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫГ ӨӨР, ӨӨР ОБЬЕКТОД ХУВААН ЗОХИОН БАЙГУУЛСАН-

Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 19-нд Цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгжтэй байгуулсан. Ингэхдээ Б.Тамир тус компанийн захирал Г.Хосбаярт давуу байдал бий болгож, хариуд нь найз О.А-ынхаа дансаар дамжуулж гурван удаа нийт 194 сая гаруй төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байгаа юм. Тиймдээ ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Б.Тамирын гэр, албан өрөөнд нэгжлэг хийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгад 10 тэрбум төгрөгийг шингээсэн бөгөөд дуусгахад улсын төсөвт дахин хөрөнгө суулгах шаардлагатай гэх. Ашиглалтад ороогүй атлаа дээвэр нь нурж унасан ч гэх мэдээлэл байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Б.Тамир нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн гэж буй. Түүнээс НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэд, хэдэн албан тушаалтанг тус хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Хамгийн ноцтой нь нүүрсний хэргийг шалгахад хөвөрсөөр тус барилгын ажилтай холбогдогдсон талаар эх сурвалж мэдээллээ. Улсынхаа долоон жил бэлдсэн ажлыг баллаж, тивийн наадмыг үнэгүйдүүлсэн Б.Тамир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зурагчин Ганбатын хүргэн гэх. Тэрбээр Булганы гаралтай, Монголын Үндэсний олимпын хорооны дарга асан Н.Түвшинбаярын найз гэх мэдээлэл бий. Хамгийн ноцтай нь тус барилгыг барихдаа тендерийг зарлаагүй байх магадлал өндөр байна. tender.gov.mn  хаягаас хайхад

  • “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийг захиалагч талаас
  • Спорт цогцолборт ажилласан “Энхийн жаргал констракшн”, “ӨВМТХ” компаниудыг оролцогч талаас тус тус шүүж үзэхэд олдохгүй байна. 

Эх сурвалж: Isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *