Долоон хүний амь насыг авч одсон “Сутай” хотхоныг хүлээж авсан хүмүүсийг шалгаж байна
Өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Сутай” хотхонд гал гарч долоон хүний амь нас эрсэдсэн. Галын улмаас гурван хүүхэд 4 том хүн эндсэн байдаг. Тэгвэл ТББ, холбоодын гишүүд хамтран хоёр долоо хоногийн хугацаанд гал гарсан айл болон орцыг цэвэрлэн засварлажээ. 4 хүүхдээ эхнэрийн хамт алдсан айлын өрхийн тэргүүн болон 16 настай охиных нь сэтгэл зүй маш хүнд байгааг эх сурвалж хэлсэн. Хэдийгээр орон байрыг тохижуулсан ч хайртай хүмүүсээ алдсан орон зайг юугаар ч орлуулшгүй. Тухайн гал гарах үед галын дохиолол огт ажиллаагүй. Өмнө нь ажиллагаагүй байсныг оршин суугчид засварлаж өгөхийг хүсэж Сууц өмчлөгчдийн холбоо болон Хотын хяналт стандартын газарт хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байжээ. Гэсэн ч хэдий ч шийдвэрлээгүй явсаар ийн харамсалтай явдал болсон. Оршин суугчдын зүгээс тухайн үед утаа мэдрэгч ажиллаж байсан бол олон хүний амь нас эрсдэхгүй байх боломж байсныг онцолж байсан юм. Мөн уг асуудалтай холбогдуулан дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй тул стандартыг хангуулж өгөхийг хүслээ. Д.Мөнхбаяр Хан-Уул дүүргийн 3-р хорооны Засаг дарга “Сутай хотхоныг барихдаа стандарт мөрдөөгүй. ЯАгаад гэвэл гал болон түргэний машин ороход хүндрэлтэй. Автомашины зогсоолгүй, галын дохиолол нь ажиллагаагүй, гарцгүй зэрэг асуудал нь галын улмаас хүний амь эрсдэхэд хүргэсэн гэж дүгнэж байгаа. Хотын стандартын газар болон АТГ-т Сутай хотхоныг шалгаж өгөх хүсэлтийг гаргасан. Ямартай ч хэрэг нээсэн прокурорын байгууллагад оччихсон багаа гэх мэдээлэл бий. Галын дүгнэлт одоогоор гаргаагүй байна” хэмээв.
Сутай” хотхоныг 2016 онд ашиглалтад орж Улсын комисст хүлээлгэн өгч байжээ. Тэгвэл тухайн үед хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүнд урьд өмнө авлига, хээл хахуулийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа болон шалгагдаж байсан хүмүүс багтжээ. Нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Сутай” хотхоныг хүлээн авсан. Тэд хэзээ, авлигын ямар хэрэгт холбогдож байсан талаарх мэдээллийн хүргэе.
Т.ЭРДЭНЭТУЯА “S OUTLET” –ИЙН БАРИЛГА, “РИВЕР ВИЛЛА” ХОТХОН, “АКУА ГАРДЕН” ХОТХОНЫГ БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХОД ГАР БИЕ ОРОЛЦЖЭЭ
2016 онд “Сутай” хотхоныг хүлээн авах Улсын комиссын даргаар Т.Эрдэнэтуяа ажилласан. Тэр Улсын комиссын даргаар ажиллаж байх үедээ 3700 орчим барилгыг хүлээн авчээ. Т.Эрдэнэтуяаг 2018 онд их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрөл олгохдоо давуу эрх олгосон байна. Харин үүнийхээ хариуд 60 орчим сая төгрөг авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд бий. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг эхлүүлж байсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй. Бид мэдээллийн дагуу Т.Эрдэнэтуяа гэж чухам хэн гэгч болох, тус газрын даргаар хэдэн жил ажиллаж байгааг судлах гэсэн боловч намтар, ажлын түүх нь олдсонгүй. Мөн 2023 оны 10 дугаар сард Хотын Ерөнхий архитектурын газрын нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-аас саатуулсан. Үүнд Хотын стандартын газрын барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа нарын гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм. Тэгвэл Т.Эрдэнэтуяа, М.Дунгармаа, Ц.Нямцэвээн нар нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд “ЭМ СИ ЖИ СИ” ХХК-ийн захиалгаар баригдсан12 автомашины зогсоолтой 100 айлын орон сууцыг хүлээн авахад гол үүрэг гүйцэтгэжээ. 2017 оноос хойш АТУГ-ынхан Т.Эрдэнэтуяаг шалгаж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл шалгаж дуусаагүй байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд түүний 14 удаагийн хэрэг бүртгэлийг нь хаажээ. Түүний хэргийг АТГ-аас хаадаг боловч прокуророос дахин шалгах бичиг явуулдаг гэнэ.
————————————————————–
М.Дунгармаагийн тухайд өнгөрөгч 7 дугаар сард дунд голыг үерт автахад хүргэсэн “S OUTLET” –ийн барилга, Туул голын ай сав дахь “Ривер Вилла” хотхон, Дунд гол орчимд баригдсан “Акуа гарден” хотхоныг барих зөвгөөрлийг олгосон хүмүүсийн нэг. Түүнээс гадна уг зөвшөөрлийг олгоход Д. Жүрмэддорж, Т.Эрдэнэтуяа нар ч холбогдож байна.
Д.АРИУНБААТАР НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БАЙХ ОРОН СУУЦНААС 7 БАЙР ХУВЬДАА ЗАВШИЖ БАЙСАН
Комиссын бүрэлдэхүүнд багтсан Д.Ариунбаатарын тухайд 2019 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийслэлийн өмчид байх орон сууцнаас долоон байр хувьдаа завшсан гэх асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Д.Ариунбаатарыг шалгаж эхэлсэн байдаг. Улс төрийн нөлөө, хамаарал талаар яривал Т.Бадамжунайн бүлэглэлд хамаардаг гэнэ. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар томилогдож байжээ. Хотын инженер байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
—————————————————————–
Дараагийн нэхрлэгдэх хүн бол Д.Жүрмэддорж нь.Тэр 2021 онд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалыг хашиж байв. Тэрбээр өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, хэргээр шалгагдаж байсан. Тухайн үед нэр бүхий албан тушаалтантай хамтарч 73 са төгрөгийн авлигал авсан болох нь тогтоогдож байжээ.
Ц.НЯМЦЭВЭЭНИЙГ БАРИЛГА ХҮЛЭЭН АВАХДАА АВЛИГА АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН ҮЗЭЖ АТГ 10 ДУГААР САРААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН
Ц.Нямцэвээн нь мөн 2016 оноос хойш барилга хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Түүнийг 2023 оны 10 дугаар сараас эхлэн АТГ шалгаж эхэлсэн. Эдгээр хүмүүс эрх бүхий албан тушаалд байхдаа авлига авч “Сутай” хотхоныг улсад хүлээн авсан байхыг үгүйсгэхгүй. “Сутай” хотхоныг захиалагч нь “ЭМ СИ ЖИ СИ” ХХК.тус компанийг эзэмшигч нь БНХАУ-ын иргэн байдаг аж.
Ямартайч “Сутай” хотхоыг хүлээн авсан 13 хүний 6 нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан. Гэхдээ хэрхэн яаж, ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Эрсдэл дагуулсан стандартад нийцээгүй барилга байгууламжийг хүлээн авсны хор уршгийг “Сутай” хотхонд гарсан галын осол харуулсан. Тэгвэл долоон хүний амь авч одохын зэрэгцээ оршин суугчид ч эд хөрөнгөөрөө хохирсон энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ. Энэ асуудал мартагдах ёсгүй. Дээр дурдагдсан комиссын гишүүдэд хуулийн дагуу хариуцлагаа хүлээлгэх шаардлага бий болж байгаа юм. 2012 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор улсын комисын бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Тус тогтоолоор Улсын комиссын дарга болон нарийн бичгийн дарга Хот байгууламжийн газраас орно. Бусад хүмүүсийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтаас оруулна гэж заасан байдаг. Гэтэл 2014 оны хоёрдугаар сард Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нь тушаал гаргаж, 151 дүгээр тогтоолыг өөрчилж, дунд нь Ерөнхий төлөвлөгөөнийхөө хяналтын инженерүүдийг оруулах тушаал баталсан байдаг. Тухайн тушаалаар далимдуулан Мэргэжлийн хяналтын төлөөллийг оролцуулах шаардлагагүй хэмээн үзэж Ерөнхий төлөвлөгөөний хяналтын инженерүүдийг оролцуулсан байх жишээтэй. Тэгвэл Улсын комисст мэргэжлийн хяналтынхныг оролцуулахгүй байх шийдвэрийг хэн гаргасан гэдэг нь ч асуудал.