БАРИМТ: МИАТ-ийн зорчигчдын хоолыг ам.доллароор бодож нийлүүлэхдээ “Өт, Үс, Боолт гарсан” гэх асуудалд холбогдож байсан “Нүхт тур” тендерээс хасагдаж АТГ, шүүхэд ханджээ

0

МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 орчим жил нийлүүлэхдээ “өт, үс, боолт гарсан” гэх асуудалд холбогдсон “Нүхт тур” ХХК тендерт ялагдаж, улмаар шүүх, АТГ-т хандаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл бид энэ удаад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу МИАТ компаниас зохион байгуулсан “Зорчигчдын хоол” буюу катерингийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер хэрхэн явагдсан талаарх баримтыг дэлгэж байна. 

-ЗОРЧИГЧДЫН ХООЛ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРТ ЗУРГААН КОМПАНИ ОРОЛЦОЖ, “РЕД РОК КАТЕРИНГ” КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ-

“МИАТ” ТӨХК-аас “Зорчигчдын хоол /Катеринг/” нийлүүлэх тухай 9,5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерийг 2023 оны аравдугаар сар /2023.10/-д зарлажээ. Тус тендерт “Нүхт тур” ХХК, “Эйркатеринг” ХХК, “Номадс катеринг энд интегрэйтед сервисис” ХХК, “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК, “Ред рок катеринг” ХХК, “Блүфин катеринг сервис” ХХК гэсэн зургаан компани оролцсон байна.

Улмаар тус тендерт “Ред рок катеринг” компани шалгарч, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан 2024 оны нэгдүгээр сар /2024.01/-аас эхлэн МИАТ компанийн онгоцоор үйлчлүүлж буй “зорчигчдын хоол”-ыг нийлүүлж эхэлжээ. Тухайн компани нь “Зорчигчдын хоол” буюу катерингийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хамгийн бага үнийн дүн болох 8.6 тэрбум төгрөгийн үнийн дүнг санал болгосон байна. Мөн сахартай хүн, хүүхэд зэрэгт зориулсан тусгай хоолны цэс зэрэг нь давуу байдал болсон гэх мэдээлэл ч байгаа юм.

Харин тендерт оролцсон таван компани дараах шалтгааны улмаас тендерт тэнцээгүй байна; 

  • “Эйркатеринг” ХХК татварын өртэй,
  • “Нүхт тур” ХХК 2022 оны санхүүгийн тайлангийн мэдээллийг цахим системээр ирүүлээгүй буюу баталгаажуулаагүй, мөн ижил төстэй гэрээний мэдээлэл 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагыг бүрэн тодорхой илэрхийлсэн гэрээ болон гэрээ дүгнэсэн акт эсхүл тодорхойлолтыг ирүүлээгүй,
  • “Блүфин катеринг сервис” ХХК ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн болон түрээсийн байр, тоног төхөөрөмжтэй байна. Тендерт оролцогч өөрийн байранд үйл ажиллагаа явуулах тохиолдолд катерингийн үйлчилгээнд дагалдах ус, ундаа, нэг удаагийн хэрэгсэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг хадгалах 218 мкв-аас багагүй стандартын шаардлага хангасан төрөлжсөн агуулахтай байна гэсэн шаардлагуудыг хангаагүй, мэдээлэл ирүүлээгүй, 
  • “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК түншлэлийн гишүүн болох “Цолмон маргад трейд” ХХК-ийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архивын лавлагаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтыг цахимаар ирүүлээгүй зэрэг шаардлагуудыг хангаагүй, 
  • “Номадс катеринг энд интегрэйтед сервисис” ХХК-ийг өндөр үнийн дүнтэй санал ирүүлсэн гэх шалтгаанаар тус тус дээрх тендерүүдээс татгалзсан байна. 

-ТЕНДЕРТ ШАЛГАРСАН ДЭЛХИЙН ШИЛДЭГ “GATE GOURMET” КОМПАНИЙГ ЯВУУЛЖ, “НҮХТ ТУР”-ЫН ГЭРЭЭГ СУНГАХАД ЕТГ-ЫН ДАРГА АСАН П.ЦАГААН НӨЛӨӨЛСӨН ҮҮ –

Гэтэл эдгээрээс компаниудаас МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 орчим жил нийлүүлж ирсэн “Нүхт тур” ХХК маргаан үүсгэж, шүүх, АТГ-т хандаад байгаа нь анхаарал татаж байгаа юм. “Нүхт тур” ХХК өмнө нь энэ мэтээр “зарга” үүсгэн МИАТ-ийн зорчигчдын хоолыг нийлүүлэх тендерийг өөрийн болгож байжээ.

Тодруулбал,2015 онд МИАТ-ээс зарласан зорчигчдын хоол нийлүүлэх тендерт зорчигчдын хоол нийлүүлдэг дэлхийн шилдэг компанийн нэг “Gate Gourmet” компани шалгарсан байна. Гэвч “Нүхт тур” ХХК үүнийг эсэргүүцэж мөн л хууль хяналтын байгууллагад хандаж, улмаар тухайн гаднын хөрөнгө оруулалттай компани нь гарч явснаар тэд МИАТ-ийн зорчигчдын хоолыг үргэлжлүүлэн нийлүүлэх болсон гэдэг. Магадгүй үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан ч нөлөөлсөн байж болзошгүй баримт байна.

Тодотговол,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нь тухайн үед буюу 2015 онд Зам тээврийн сайд Н.Төмөрхүүд АСЕМ-ийн бэлтгэл хангуулах тухай албан бичиг илгээж байжээ. Тус албан бичгийг үндэслэн МИАТ компанийн катеринг төвийн үйл ажиллагааг Ази-Европын дээд түвшний уулзалтыг дуусах хүртэл хугацаа буюу 2016 оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгаж байжээ. Улмаар АСЕМ-ын үеэр ажилласан тайлан зэргийг үндэслэн “Нүхт тур”-ын гэрээг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байгаа юм.

-“НҮХТ ТУР” КОМПАНИ ЗОРЧИГЧДЫН ХООЛНЫ ТӨЛБӨРИЙГ 2021 ОН ХҮРТЭЛ МИАТ-ЭЭС ДОЛЛАРААР АВДАГ БАЙЖЭЭ-

Нөгөөтэй МИАТ-ийн зорчигчдын хоолыг 15 жил тендер, сонгон шалгаруулалтгүй нийлүүлж ирсэн “Нүхт тур” ХХК 2021 оныг хүртэл хоолны үнийг ам.доллароор бодож авдаг байсан нь МИАТ-ийн тийзийн үнэд ч тодорхой хувиар нөлөөлдөг байсан байж магадгүй байна.

Тодруулбал, “Нүхт тур” ХХК нь гэрээнд зааснаар зорчигчдын хоолны үнийг ам.доллароор бодож, МИАТ-аас авдаг байжээ.

Энэ нь МИАТ компанид алдагдалтай байсан учир 2021 оны аравдугаар сарын 01-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж,  МИАТ ТӨХК болон “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хавсралтаар батлагдсан бүх чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн хоолны үнийн тарифыг чиглэл харгалзахгүйгээр 20 хувиар бууруулж, төлбөрийг төгрөгөөр хийхээр болсон байна. Гэвч “Нүхт тур” хүсэлт гаргаж, зорчигч тээврийн нислэгийн хоолны үнийн тарифыг чиглэл харгалзахгүйгээр 20 хувиар бууруулсан заалтыг хүчингүй болгуулж байжээ. Энэ мэтээр магадгүй 15 жил өөртөө давуу байдал олгуулж, МИАТ-ийн зорчигчдын хоолыг нийлүүлж ирсэн “Нүхт тур” ХХК-ийг өдгөө маргаан үүсгэж, хууль хяналтын байгууллагад хангаад байгаа нь МИАТ-ийн зорчигчдын хоол нийлүүлэх ажлыг гацааж, магадгүй энэ нь Монгол Улсын цор ганц үндэсний тээвэрлэгч компанийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй юм. 

Эх сурвалж: Isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *