Б.Энхбаяр: Хуулийн байгууллагынхан үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэнийн өмч болох “Аюуд таур”-ыг “дээрэмдсэн”
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ” БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан “Аюуд таур” гэх 14 мянган мкв оффисын барилгыг хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол Засгийн газарт ирсэн. Энэ гомдлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хоёр ч тогтоол гаргаж, Хууль зүй дотоод хэргийн сайдад хариуцуулсан. Энэ дагуу миний бие ажлын хэсэг гарган уг асуудлыг шалгаж үзэхэд олон ноцтой асуудлууд тогтоогдсон.
Нэгдүгээрт, Нотариатч нь өмчийн эзэн буюу БНХАУ-ын иргэний гарын үсгийг хуурамчаар үйлдэж өмчийг шилжүүлсэн нь тогтоогдсон. Тухайн нотариатч нь тус үйлдлийг хийснийхээ дараа АНУ-руу зугатаж алга болсон нь мөн тогтоогдсон. Мөн Улсын бүртгэлийн байгууллага Бүртгэлийн тухай хуульд заасан 11 шаардлагын найм нь хангагдаагүй байхад энэ хөрөнгийг шилжүүлсэн. Тухайн үед нь энэ асуудлаар Бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргахад нь хангалттай хянаж шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийн татгалзсан хариу өгч байсан. Энэ асуудлаар Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын албан тушаалтан тухайн өмчийн эзэн буюу БНХАУ-ын иргэнийг саатуулах иргэний жагсаалтад ороогүй байхад мөн ямар ч байгууллагын шийдвэргүйгээр бүртгэлд оруулсан байсан асуудал мөн тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, олон хүн оролцсон. Энэ асуудлаар АТГ, Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж нийт найман удаа эрүүгийн хэрэг үүсгэхэд дөрөвт нь хэрэг үүсгэхээс татгалзаж хааж шийдвэрлэсэн нь мөн тогтоогдсон. Тиймээс энэ асуудалд манай улсын хуулийн байгууллагуудын маш олон албан тушаалтнууд оролцсон нь цаашлаад эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа байна гэж үзсэн. Тийм учраас уг хэргээр албан даалгавар гаргаж Улсын бүртгэл, Хил хамгаалах, Нотариатын байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. Хариуцлага тооцсоны дараа “Хятадын талд үйлчиллээ” хэмээн намайг гүтгэж байна. Дээрх шалгалтын дүнг Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүлж байна. Олон удаагийн үйлдлээр, хүний хөрөнгө булаасан улаан цагаан хулгайг шалгахгүй хаасан байна. Энэ бол хуулийн байгууллагын оролцоотой ажил. Энэ бол 10 гаруй жилийн өмнө 10 гаруй сая долларын хөрөнгө оруулалтын асуудал. Хуулийн байгууллагынхан үгсэн хуйвалдаж, хүний хөрөнгийг дээрэмдсэн асуудал” гэлээ.