Б.Энхбаярын онилсон “Аюуд тауэр”-ийн анхны эзэн нь одоогийн захирлын гэргийнх
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр /2024.02.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг тонодог асуудлын эсрэг хоёр жилийн өмнө ажлын хэсэг гарсан. Энэ хүрээнд нийт 50 гаруй гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн байж болзошгүй гомдлыг цэгцэлсэн. Үүнтэй холбогдуулан “Аюуд тауэр“-ийг хууль бусаар “дээрэмдсэн“ алба хаагчдад хариуцлага тооцсоны төлөө намайг Хятадад үйлчилсэн мэтээр гүтгэлэг тарааж байна” хэмээн ярьсан юм. Тэгвэл дээр дурдсан “Аюуд“ ХХК-ийн тухай дэлгэрэнгүй дурдвал.
“Аюуд”, “Хуашен” гэх хоёр компани 2009 оны наймдугаар сарын 20-нд “Аюуд тауэр” барилгыг хоёр тал өөрсдийн оруулсан хөрөнгөөр хамтран эзэмших гэрээн дээр гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил нь эхэлжээ.
Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Хуашен” ХХК 2010-2012 оны хугацаанд нийтдээ 7,540,000.00 ам долларын хөрөнгө оруулалт хийж “Аюуд тауэр”-ийг барьсан байдаг. Харин 2013.05.22-нд “Аюуд тауэр”-ийн 40 хувийг “Аюуд”, 60 хувийг “Хуашен” ХХК-д эзэмшүүлэх гэрчилгээ УБЕГ-аас гарсан байна. Энэ үед барилгын ажил дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй байжээ.
Хотын төвийн “А” зэрэглэлд, Сүхбаатарын талбайн яг урд 14000 мкв “Аюуд тауэр” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Энэ гомдолтой холбоотойгоор Засгийн Газар хоёр удаа тогтоол гаргаж, уг асуудлыг ХЗДХ-ийн сайдад хариуцуулж шийдвэрлүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн. Нэг нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байх үед, нэг нь Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдсоны дараа. Ингээд ажлын хэсэг гаргаж шалгасан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж танилцуулсан. Тус шалгалтын дүнгээр олон ноцтой асуудлууд тогтоогдсон байна.
Өмчийн эзэн болох БНХАУ-ын иргэн өмч шилжүүлэх гарын үсэг зураагүй байхад нь хуурамч гарын үсэг зурж, нотариат түүнийг нь баталгаажуулсан. Энэ нь тогтоогдсон. Тухайн нотариатч нь уг үйлдлийг хийснийхээ дараа АНУ-руу зугтаасан.
Улсын бүртгэлийн байгууллага өмч шилжүүлэхэд шаардлагатай 11 асуудлын 8 нь шаардлага хангаагүй байхад бүртгэл хийж, хөрөнгийг нь шилжүүлсэн. Монгол Улсын хил хамгаалах байгууллага тухайн өмчийн эзэн БНХАУ-ын иргэнийг ямар ч хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад саатуулах этгээдийн жагсаалтад оруулсан байсан нь тогтоогдсон. Олон хүн тус асуудалд оролцсон.
АТГ, ЭЦГ дээр гомдол гаргаж, нийтдээ 8 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, үүнээс 4 удаагийн эрүүгийн хэрэг дээр хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн байдаг.
Энэ асуудал бол маш олон хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын оролцоотой. Цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалтайгаар хийгдсэн ажиллагаа юм.
“Аюуд тауэр“ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анхны эзэн нь Даянгийн Алтанцэцэг буюу одоогийн захирал А.Бат-Эрдэнийн гэргий байжээ. Харин 2015 онд Д.Алтанцэцэг өөрийн нөхөр А.Бат-Эрдэнэд шилжүүлэн өгсөн. Үүний дараагаар А.Бат-Эрдэнэ хүү Б.Сайнцогтдоо 2022 онд компаниа шилжүүлэн өгч 2024 онд эргүүлэн өөрийн нэр дээр шилжүүлсэн байгааг дээрх зургаас харж болно.
Мөн түүнчлэн А.Бат-Эрдэнийн гэргий Д.Алтанцэцэг нь 2016 онд “Жинжий Майнинг” ХХК-ийг байгуулжээ. Уг компани нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани юм.
Эх сурвалж:Eguur.mn