Т.Бадамжунайгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Прокурор эсэргүүцэл бичиж Дээд шүүхэд хандлаа
Шувуу ажиллагааны хүрээнд Филиппин улсаас авч ирсэн Т.Бадамжунайд холбогдох хэрэг шийдэгдэлгүй бараг жилийн хугацаа өнгөрч байна. Түүний хэргийг АТГ, Прокурорын байгууллагаас шалгаж шүүхэд шилжүүлээд байсан билээ. Харин шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзэн уг хэргийг буцаагаад байсныг Прокуророос эсэргүүцэл бичсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар газар эзэмшсэн, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан” гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Прокурорын байгууллага эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн байна.