Ж.Ганбаатар: Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд бүхий л түвшинд анхаарч ажиллана
Канадын Торонто хотноо зохион байгуулагдаж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” уулзалтын дараагийн хэсэг Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтаар үргэлжиллээ.
Ашигт малтмалын нөөц ихтэй улсуудын салбар хариуцсан сайд нар оролцсон тус уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар оролцож Монгол Улсын ашигт малтмалын нөөц бололцоо, хэтийн төлөв, салбарт хийгдэж буй бодлогын шинэчлэлийн ажлууд, хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч санал солилцов.
Уулзалтын үеэр Англи (ИБУИНВУ)-ийн Эрдэс баялгийн асуудал хариуцсан сайд Nusrat Ghani-тай тусгайлан уулзаж, Монголын “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урилаа. Сайд Ghani өөрийн орны уул уурхайн салбар дахь арвин их туршлагыг дурдаад бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.
PDAC 2023 арга хэмжээгээр манай улс, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин өдрөөс өдөрт таатай болж өөрчлөгдөж буй, хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдэд харилцан үр ашигтай хүргэх, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах боломжтойг хөрөнгө оруулагчдад хүргэхийг зорилоо.