Түүхэн дурсгалт газарт ашигт малтмалын лиценз олгожээ

0

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаанаар Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ.

Засгийн газраас энэхүү конвенцыг өргөн мэдүүлсэн байна. Уг конвенц нь хулгайлагдсан эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах талаар хувийн эрх зүйн хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөнгөвчлөхөд чиглэдэг олон улсын эрх зүйн баримт бичиг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 54 улс нэгдэн оржээ.

Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА-ийн конвенцод Монгол Улсын 1991 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенцын дутуу эсхүл зохицуулалгүй үлдээсэн зарим асуудлыг нарийвчлан тусгаж өгснөөрөө онцлог юм байна. Тухайлбал, хулгайлагдсан, эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тусгажээ.

Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэхээр заасан зорилт арга хэмжээний хүрээнд соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэхээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд соёлын өвийн хууль бус худалдаатай үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэн эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэхүү асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт тавив.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

Сүүлийн таван жилд буюу 2017-2021 онд  түүх соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22 зүйлийг эрэн сурвалжилж олжээ. Үүний 30 нь олдоогүй гэсэн мэдээ байна. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн байна. Энэхүү конвенцод нэгдсэнээр гадаад руу гаргасан түүх, соёлын дурсгалт өвүүдийг эргүүлэн олж авах ажил баталгаажих уу. Үүнтэй холбогдуулан дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах уу гэв.

Соёлын сайд Ч.Номин:

Нэгдүгээрт,  төрийн өмчийн музей болон төрийн өмчийн бүртгэл байгаа ямар нэг сан хөмрөгөөс түүх соёлын дурсгалт зүйлс алдагдаагүй. Бүртгэл болон хадгалалт хамгаалалт сайжирсан. Таны дурдсан хулгайлагдсан зүйл нь сүм хийдээс алдагдсан. Гэхдээ улсын бүртгэлд байдаг зүйлүүд. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллага дээр нэгж байгуулагдсан.  ЮНИДРУА-гийн конвенцийг баталснаар соёлын өв хил даван хууль бусаар экспортлогдсон тохиолдолд буцаан авах эрх зүйн боломж нэмэгдэж байгаа. Ирэх 2025 онд УИХ-д Соёлын өвийн багц хуулийг өргөн барина. Энэхүү хуулийн төсөлд соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг улам боловсронгуй болгож,  хил дамнан гарах хууль бус экспорт дээр анхаархаар дотоод зохицуулалтыг нэмэгдүүлж байгаа.

Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн:

– ЮНИДРУА-гийн конвенцийг баталснаар хууль бусаар хулгайлагдсан, экспортлогдсон соёлын өвийг эргүүлэн авахтай холбоотой эрх зүйн орчин өсөн нэмэгдэнэ.  Энэхүү конвенци нь 1970 оны конвенцийг нөхөж гарч ирж байгаа, түүнд зохицуулагдаагүй зүйлийг нарийн тусгасан. Мөн энэхүү конвенцийг баталснаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал гарна.

Гэхдээ конвенцийг соёрхон батлаад хэрэглэхэд бусад хууль баримт бичигтэй зөрчилдөх зүйл гарахгүй. Өнгөрсөн хугацаанд конвенцийн үзэл саанааны хүрээнд холбогдох зохицуулалтыг хууль эрх зүйн хүрээнд суулгаж чадсан. Цаашид нарийвчлаад процессын шинжтэй зохицуулалтыг холбогдох хуульд тусгаад явах болломжтой.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

-Соёлын өв, үнэт өв,  бурхан шүтээн энэ бүхнийг хулгайлж гадагш нь гаргах асуудал буурахгүй байгаа учраас энэ асуудлыг онцгой анхаарч, Соёлын өвийн багц хуульд тусгах нь зүйтэй. Түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өв хадгалагдсан газар, хадны сүг зургууд бичээстэй газарт ашигт малтмалын лиценз олгоод байгааг онцгой анхаарч ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Соёлын өвийн багц хуульд оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгөхгүй бол ЮНЕСКО-д бүртгэлтэй газар лицензэт талбайд орчихсон тууж явна лээ, сая сонсголоор энэ мэдээлэл тодорхой болсон. Зургаан соёлын түүхийн дурсгалт өв устсан байгааг анхаарах ёстой гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *