Амиа алдсан цэрэг Засаг дарга асны хамаарал бүхий компанид ажиллаж байжээ

0

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч автомашинд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг зургаа хоногийн өмнө /2024.05.30/ Төв аймгийн Цээл сумын нутагт гарсан. Тус цэрэг 2023 оны II ээлжээр цэргийн албанд татагдан очсон бөгөөд албан хаагч зам тээврийн осолд өртөж амиа алдсан юм. Энэ зам тээврийн хэрэгт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдээлсэн. Гэхдээ алба хаагчийг албадан хөдөлмөр эрхлүүлж байсан энэ үйлдэлд ажил хариуцсан компани, түүний удирдлага хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ хэрэгт нэр холбогдсон “Чандмань баян бүрд” ХХК-ийн ерөнхий мэдээлэл, удирдлага болон өмнө нь шалгарч байсан тендерийн сонгон шалгаруулалтын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

СУМЫН ЗАСАГ ДАРГА АСАНЫ ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИД ЦЭРЭГ ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙСАН

Төв аймгийн Цээл сумын нутагт байнгын үйл ажиллагаа явуулдаг малын тэжээл, үр тариа, ургамал тариалалт эрхэлдэг газар тариалангийн үндсэн чиглэлтэй “Чандмань баян бүрд” ХХК-ийн туслах ажилтнаар талийгаач цэрэг ажиллаж байсан. Тус компанийн туслах аж ахуйд цэргүүд төдийгүй хоригдлууд ажилладаг гэж албан бус эх сурвалжууд бичжээ.

“Чандмань баян бүрд” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд анхны эзэмшигчээр нь Цээл сумын Засаг дарга асан М.Ганбатын Базаррагчаа бүртгүүлж байжээ. Үүний дараагаар 10 жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сард тус компанийн эзэмшигчийн нэр шилжиж Ганбатын Базарбат 100 хувь эзэмших болсон байна.

Үйл ажиллагааны чиглэл нь 2005 онд малын тэжээл, газар тариалалттай холбоотой байсан бол энэ жилээс төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа буюу гадаад худалдаа хийхээр тэмдэглэгдэж.

М.Ганбатын тухайд Цээл сумын уугуул бөгөөд 2005 оноос хувиараа тариалан эрхэлж, компанитай болжээ. Түүний хувьд сумын даргаар ажиллаж байх үедээ авлига, албан тушаалын хэргээр багагүй хугацаанд шалгагдаж байсан.

Харин түүний хамаарал бүхий компани нь хүүхдүүдийнх нь нэр дээр байдаг бөгөөд үйл ажиллагаанд нь шууд оролцдоггүй байна.

Хамтран хувь эзэмшигч байдаггүй тус компани нь нутагтаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэрээгээр тариалан эрхлэлт бусад ажил дээрээ дотоодын цэргийн ангийн цэргүүдийг ажиллуулдаг байна. Тус компанитай холбогдож мэдээлэл авах гэсэн боловч тайлбар мэдээлэл өгсөнгүй. Мөн эзэмшигч болоод оролцсон тендерийн мэдээлэл хайлтад байхгүй байна. Тус аж ахуй нэгж Дотоодын цэргийн 05 дугаар ангитай гэрээ байгуулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *