Хүдрийн агууламжийн зөрүүнээс мөнгө унагасан гэх 3 дарга баривчлагдаж, Я.Өлзийболд ажилтайгаа танилцжээ

0

АТГ-ынхан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 5-р сарын 27, 28, 29-нд буюу гурван өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

  • Эхний өдөр Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаярыг
  • Хоёр дахь өдөр тус үйлдвэрийн дарга Г.Дугаржавыг
  • Сүүлийн өдөр Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүхийг баривчилсан.

Баривчлагдаад 7, 8, 9 хоноцгоож байгаа бөгөөд 30 хоногийн хугацаатайгаар саатуулагдсан юм. Одоогоор тэднээс өөр хүн саатуулаагүй байгаа аж

Тэд гурвуулаа тус үйлдвэрийг төрд авснаас хойш томилогдож орж ирсэн дарга нар. Н.Батбаяр нь “Эрдэнэс Монгол”-оос томилогдож байсан. Г.Эрдэнэсүх Дарханых бөгөөд Сангийн сайд Б.Жавхлангийн хүн гэгддэг аж. Харин Г.Дугаржав Т.Доржхандтай холбоо хамааралтай болж таарч буй юм.


-Төмрийн хүдэр хилээр гаргахдаа агууламжын зөрүүн дээр тоглолт хийж, мөнгө халааслажээ-

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагуудыг их хэмжээний төмрийн хүдрийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргахыг удаа дараа оролдсон гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй гэгдэв.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргах биш төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон гэх мэдээлэл байна. Үүнээсээ ашиг олж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгагдаж байж болзошгүй байна.

Тухайлбал, 56 хувийн агууламжтай төмрийн хүдрийг 52 хувьтай хэмээн гааль дээр мэдүүлэх замаар гаргасан. Хүдрийн агууламжын 4 хувийн зөрүүн дээр тоглолт хийж, мөнгө халаасласан гэсэн үг.

Ямартай ч АТГ гурван өдөр нэгжлэг хийхдээ дарга нарынх нь өрөөг битүүмжилж, бичиг баримт, комьютер зэргийг нь хураан авсан билээ.


-Төмрийн хүдэр гаргахад гарын үсэг зурдаг дарга нар баривчилгаанаас үлджээ-

Гэхдээ энд онцлоход, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Уул уурхай, технологийн хэлтсийн дарга Г.Хишигбаяр, н.Батцэнд гэсэн дарга нарыг саатуулах ажиллагаа тойроод өнгөрчээ.

Учир нь, төмрийн хүдрийг гаргахад гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнуудаар тэд хамгийн түрүүнд нэрлэгдэх учиртай аж.

Гэтэл Г.Хишигбаяр, өчигдөрхөн “Төмөрлөгийн үйлдвэр түүхэндээ байгаагүй ашиг, орлоготой ажиллалаа” хэмээн сонинд ярилцлага өгөөд сууж байх юм.

Түүний хувьд Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Дамдиннямын хүн гэгддэг. Үйлдвэр төрийн мэдэлд ирсний дараа түүний хоёр хүн хэлтсийн дарга, мэргэжилтнээр очсон. Сонирхолтой нь, дөрөвдүгээр сард өрнөсөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авахыг шаардсан жагсаалд оролцож, зохион байгуулалтын түвшинд манлайлж ажилласан гэдэг.


-Ч.Хүрэлбаатарын хүн гэгдэх Я.Өлзийболд очиж, ажилтайгаа танилцжээ-

Өдгөө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т шинэ дарга томилогджээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболдыг удирдлагаар аваачсан байна. Түүнийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зүтгүүлж, томилуулсан гэж бичигдэж буй юм. Гэвч тэд яаманд хамт ажиллаж байсан намтартай л хүмүүс аж.

Шинэ дарга ажилтайгаа очиж танилцуутаа, буцаад Улаанбаатарт ирсэн сураг дуулдав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *