Өмгөөлөгч Д.Отгонбат: “Монполимет групп” ХХК-ийн үйлдвэрийг зогсоож, харилцах дансыг нь хааж хэрэг шалгах шаардлагагүй

0

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа талаар өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа.


-Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор “Монполимет групп” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон, Зээлийн гэрээнд заасан зориулалтаар бус гадаад улсад үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргээр ашиглаж, мөнгө угаасан” гэж яллагдагчаар татсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан хоёр хуулийн этгээдийн хооронд улс оронд чухал стратегийн ач холбогдол бүхий төслийн санхүүжилтийг УИХ, ЗГ, Хөгжлийн банкны шийдвэрүүдээр Монполимет групп ХХК-д зээл олгох шийдвэр гарч, зээлийн гэрээг тус компанитай хийсэн, зээл зориулалтын дагуу зарцуулагдсан талаар УИХ-ын нээлттэй сонсгол, Хөгжлийн банкны жил бүрийн тайланд тусгагдсан, зээл төлөгдөж дууссан гэрээг дуусгаж талууд дүгнэлт өгсөн, энэ ямар ч нийгэмд ямар ч аюултай үйлдэл байхгүй, харин ч улс оронд хэрэгтэй, нийгэм эдийн засагт эерэг төсөл байхад үүнийг гэмт хэрэг гэж үзэх эрүүл ухаантай хүн байхгүй байлгүй дээ.

Ц.Гарамжав гэдэг хүн чинь иргэнээрээ Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваагүй энэ хэрэгт татан шалгах ёстой субьект биш төдийгүй “Монполимет групп” ХХК-ийн Монцемент төслийг эхлээд санхүүжилт дуусах хүртэлх хугацаанд ямар нэгэн нийтийн алба хашиж байгаагүй тул энэхүү хэрэгт татагдах ёстой этгээд биш юм.

-Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн хурал хийхдээ Ц.Гарамжав гэдэг хүнд Татвар төлөхөөс зайлсхийсэн, ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан гэх гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм уу?

-Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдэгдэлд өмгөөлөгч хүний хувьд маш их харамсаж байна.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт миний үйлчлүүлэгчийг болон түүний хамаарал бүхий хүн Хуулийн этгээдүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн бол холбогдогч этгээдүүдэд танилцуулдаг, гэтэл ийм ажиллагаа явагдаагүй учир хэрэг үүсгээгүй байна гэсэн үг. Монполимет ХХК-ийн салбар бүх компанийн санхүүгийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт орчихлоо. Энэ тийм нэг гэнэтийн давхацсан үйл явдал гэж харахгүй байна, хэрэг үүсгэх үндэслэл бүхий баримтыг хайж урьдчилсан ажиллагаа хийгдээд байгаа юм шиг уншигдаж байна л даа. Уг нь үүсгэсэн хэрэгт ямар ч хамааралгүй үйл баримтад шалгалт явуулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны зорилго чиглэлд нийцэхгүй байгаа юм. Энэ талаар зохих байгууллагад хандаж байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.11 дүгээр зүйлд Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэмт хэрэгт, мөн миний үйлчлүүлэгч болон хамаарал бүхий хүн хуулийн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад үүсгэсэн мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. Авлигатай тэмцэх газар нэгжлэг хийгээд явсан, удалгүй энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж эхэлсэн. Мөрдөх байгууллагын явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагааны нууцлал алдагдсан, энэ талаар гомдол гаргаад явж байна.

Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг мөн л үүсгээгүй мэдээлэл өгөхдөө Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан гэчихсэн. Ийм төрлийн гэмт хэрэг эрүүгийн хуульд хуульчлагдаагүй тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй.

-Энэ гэмт хэрэгт хэдэн хүнийг шалгаж байгаа юм бэ. Ц.Гарамжав гэдэг хүний үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсийг татан шалгаж байгаа юу?

-Ц.Гарамжав гэдэг хүний үр хүүхэд хамаарал бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зүйл байхгүй. Гэтэл хэрэг шалгах явцдаа үр хүүхдийнх нь дансыг хаасан, эд хөрөнгө, хувьцаа эзэмшдэг компанийнх нь үйл ажиллагааг хязгаарласан хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд холбогдох хуулийн байгууллагад гомдлоо гаргаад явж байна.

-Мөнгө угаасан гээд байх юм. Энэ талаар тайлбарлаач?

-Хөгжлийн банкнаас “Монполимет групп” ХХК-руу шилжүүлсэн тухайн зээлийн мөнгөн хөрөнгө нь гэмт хэргийн улмаас Монгол Улсын Хөгжлийн банк олж авсан эх үүсвэр гэж бодохгүй байна

Мөнгө угаах гэдгийг Эрүүгийн хуульд “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах” түүнчлэн “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” үйлдлийг хэлнэ гэсэн байгаа.

Гэтэл “Монполимет” групп ХХК-ийн зүгээс хууль дүрмийн дагуу зээл хүсч зээлийн судалгааны материалаа банкны зээл судалдаг жишгээр л өгсөн байдаг. Хөгжлийн банк зээлийг судалж олгох үгүйгээ шийддэг энэ процесст төсөл хэрэгжүүлэгч Монполимет групп ХХК-ийн зүгээс оролцох боломжгүй бүх мэдээлэл хаалттай зөвхөн ямар шийдвэр гарсан талаар л танилцуулдаг.

Хэн ч банкны дотоод үйл ажиллагаанд оролцож болохгүй, оролцох боломжгүй, энгийн иргэн банкнаас хэрэглээний зээл хүсэхдээ материалаа өгөөд эцсийн шийдвэрээ л авдаг шиг процесс болдог, Хөгжлийн банкны маш олон шат дамжлага бүхий нэгж салбаруудаар дүгнэлт гараад төслийг санхүүжүүлэх эцсийн шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхэд УИХ, ЗГ-ын шийдвэрүүд гарч зээл олгох шийдвэрүүд шат дараалалтай тэргүүлэх зэргийн төсөл хөтөлбөр гэж мэдээж гаргасан байдаг. Гэтэл бүхэл бүтэн шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь хуулийн байгууллага дүгнэлт өгөхгүй өө хайж байгаа мэт үндэслэлээр яллагдагчаар татаж байгаа нь ихэд гайхалтай. Банкны эх үүсвэр хууль ёсных эсэх дээр ядаж дүгнэлт өгч болдоггүй юм байх даа, тэгвэл энэ гэмт хэрэг биш гээд шууд л ойлгож уншигдана.

Иймд мөнгө угаах гэмт хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн.

-Та мөрдөн шалгаж болохгүй гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Хэрэв үнэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлийн харилцааг гэмт хэрэг гэж үзээд байгаа юм бол 2014 онд зээл авсан үйлдэлд нь хэрэг үүсгэн шалгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хуульд тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа хэрэг үүсгэн шалгах боломжгүй талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Хөөн хэлэлцэх хугацааг тодорхой хуульчилсан. Өнөөдрийн үүсгэн шалгаж байгаа хоёр хэргийн хувьд уг хугацаа өнгөрсөн тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй хуульд заасан хориглолт байгаа.Тэгэхээр мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдаад байгаа тул өмгөөлөгчийн зүгээс дээд шатны албан тушаалтан гомдол гаргаад явж байна.

Хууль гагцхүү хэрэглэх, хэрэгжүүлэх үүрэгтэй субьектүүд түүнийг өөрсдөө дур зоргоор тайлбарлах эрхгүй.

Харин хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, түүнийг дагаж мөрдөж ажиллах үүргээ биелүүлбэл Ц.Гарамжав гэдэг хүнийг хэрэгт татах, эд хөрөнгө битүүмжлэх олон зуун ажилчид хохирч, сул зогсох нөхцөл байдал үүсэхгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй тохиолдол юм.

-“Монполимет групп” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн бүрэн төлсөн буюу ямар ч хохиролгүй гэдэг нь нийтэд тодорхой байхад яагаад хэрэг үүсгээд эд хөрөнгийг нь битүүмжлээд хураан аваад, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм бол. Ийм хуулийн боломж байгаа юу?

-Хууль зүйн хувьд тайлбар хийхэд Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж хуульчилсан.

Ц.Гарамжав гэдэг хүнд Монгол Улсын Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэрэг үүсгэсэн. Үүнээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогчийг хуульчилснаар бол Монгол Улсын Хөгжлийн банк хохирогч болж таарах нь.Гэтэл хохирогчоор тогтоогдож оролцоогүй, оролцох ч боломжгүй шүү дээ, нийгмээрээ л мэдэж байна.

Хөгжлийн банкны хамгийн сайн төсөл гээд тухайн банк нь өөрөө дүгнэчихсэн, зээлээ бүрэн төлчихсөн. Хөгжлийн банкинд хохирол учирсан түүнийг төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэх хэрэгцээ шаардлага байхгүй, хохирогчгүй, хохиролгүй хэрэгт хөрөнгө битүүмжилж байгууллагын үйл ажиллагаа зогсоосон нь илэрхий хууль зөрчсөн. Энэ талаар шат шатны албан тушаалтнуудад хандаж хариулт нэхэж гомдол хүсэлт гаргаад явж байна.

УИХ-аас зохион байгуулсан Хөгжлийн банкны зээлийн сонсголын үеэр ч “Монполимет групп” ХХК нь 126 тэрбум төгрөгийн зээл анх авч, 188 тэрбум төгрөгийг үндсэн зээл, 71 тэрбум төгрөгийг хүү, 775 сая төгрөгийг зээлийн шимтгэлд буюу нийт 261 тэрбум төгрөгийг төлж авсан зээлээ, ханшийн алдагдал, хүүгийн төлбөртэй нь төлж, зээлийг бүрэн хаасан. Үүнийг ойлгохгүй байна уу гэж хэн ч асууна биз дээ.

-“Монполимет групп” ХХК-ийн олон зуун ажлын байрыг шууд лацдаж хааж зогсоосон үйлдлийг эсэргүүцэж ажилчид эсэргүүцэл илэрхийлж шаардлага хүргүүлж байгаа үйлдэл нь хуулийн байгууллагад нөлөөлөх гээд байна уу. Эсхүл хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаад байгаа юм уу?

-Аливаа хэргийг шалгах ажиллагааны зорилго нь хүний эрхийг зөрчихгүй, хуулиар олгосон хүрээ хязгаарын дотор мөрдөгч, прокурор хууль зөрчихгүй хэргийн бодит байдлыг тогтоон шалгах мөрдөн шалгах ажиллагааны зорилго агуулагддаг. Үүнийг нэг мөр хангаж ажиллахыг прокурорын байгууллагын чиг үүрэг л дээ.

Үзэл бодлоо илэрхийлж олон зуун ажилчид цахим орчинд хуулийн байгууллагад хүсэлт гомдлоо илэрхийлээд явж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж байна. Нөгөө талаар хуулийн байгууллагад нөлөөлөх гэсэн оролдлого огт биш бөгөөд тэдгээр ажилчдын ажлын байр сул зогсолтод орж орлогын эх үүсвэр тасалдах, өрхийн эдийн засгийн баталгаа, банкны зээл хэрэглээний зардал гээд бүх л асуудал хөндөгдөж өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байгаа нь ойлгомжтой шүү дээ.

30 хоног сэтгүүлч танаас болон сонины газраас чинь шалтгаалахгүй ажлыг чинь зогсоогоод хууль зүйн ямар ч үндэслэлгүй байвал та бүхэн бухимдаж, шаардаж үзэл бодлоо илэрхийлнэ биз дээ. Хууль хүчний байгууллагад гаргаж байгаа шаардлага нь бид ажлаа хиймээр байна, хуулийн байгууллага битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоож бидний эрх ашгийг зөрчөөд байна, битүүмжлэлээ нээж шалгалтын ажлаа явуулчих л гэж хандаж байгааг буруутгаж болохгүй.

-Тухайн компанийг эрх бүхий албан тушаалтанг шалгахдаа компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг зогсоох боломжтой байдаг уу?

-Хэргийн хувьд тус компанийн тосон үйлдвэрийг зогсоож, харилцах дансыг нь хязгаарлаж хэргийг шалгах хэрэгцээ шаардлага огт байхгүй юм. Энэхүү шалгалт нь зөвхөн Ц.Гарамжав гэдэг хүнд хамаатуулан шалгаж байгаа юм шиг хэрнээ Монполимет групп ХХК-ийн 1300 гаруй ажилчдын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж нийтэд нь шалгаж байгаа үйлдэл гэж харахаас аргагүй юм.

Тосон үйлдвэрийн 360 гаруй ажилтан 2024 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 30 хоног битүүмжлэгдээд үйл ажиллагаа нь зогссон, ажилчид нь хүлээлтийн байдалтай байна.

Хэргийг түргэн шуурхай шалгах, холбогдох нотлох баримтыг бэхжүүлээд үйл ажиллагааг нь түргэн нээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго юм. Гэтэл ийм урт хугацаагаар шийдвэр гаргахгүй байгаа нь энэ байгууллага түүний ажилчдыг хохироосоор байна л гэж харж байна даа.

Мөрдөн шалгах ажиллагаа нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, шалгалтын хүрээ нь тодорхой байж хавтгайруулан шалгаж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зогсоохгүй байхад чиглэгдэх ёстой. Гэтэл хэрэгт хамааралгүй тус компанийн нийт ажилчдын эрхийг зөрчиж болохгүй юм.

Хуулийн байгууллагаас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван толгой гээд маш олон компанийг шалгадаг, албан тушаалтанд хэрэг үүсгэдэг, гэхдээ хэзээ ч шалгалт явуулахдаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаггүй биз дээ. Энэ кейс тийм ер бусын өөр юм юу ч байхгүй нь лавтай.

-Ц.Гарамжав гэдэг хүнийг хэрэгт татан шалгахдаа түүний хамаарал бүхий компаниуд үр хүүхдийнх нь дансыг хааж эд хөрөнгийг нь хураан авч болдог юм уу, яг хэн гэдэг хүний дансыг хаасан, ямар эд хөрөнгө хураан авсан бэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул энэ хүн, тэр хүн гэж нэр цохож нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөх байгууллага гаргасан мэдээллийн дагуу үр хүүхдийнх нь дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан, эд хөрөнгө хураан авсан нь хэрэгт хамааралгүй татан шалгагдаагүй хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа талаар гомдол хүсэлтийг гаргаад явж байна.

Хуулиар хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр татсан цагаас эхлэн тухайн этгээдийн эд хөрөнгө, харилцах дансыг хязгаарлах, шилжилт хөдөлгөөнийг зогсоох хэрэгт холбогдсон этгээдэд хамаатуулан шалгалтын ажиллагаа явуулахаар хуульчилсан тул дээрх ажиллагаа нь хуульд нийцэхгүй байгаа тал дээр дээд шатны албан тушаалтанд хандаж байна.

-Ц.Гарамжав гэдэг хүнд маш олон хэрэг гэв гэнэт үүсгээд 10, 20 жилийн жилийн өмнөх үйл баримтуудыг гаргаж ирээд байгаа нь хэн нэгний захиалгатай юм биш байгаа гэсэн асуулт нийгэмд яваад байна. Энэ талаар таны бодол?

-Хэн нэгэн албан тушаалтан хуулийг дур зоргоор өөрийн үзэмжээрээ хэрэглэхгүйн тулд шат шатны хяналтын байгууллагууд ажилладаг, тухайлбал мөрдөх байгууллагын үйл ажиллагаанд прокурорын байгууллага хэргийн явцад бүрэн хяналт тавьж хууль зөрчсөн аливаа үйлдлийг газар авахуулахгүй таслан зогсоодог. Хуулийн хугацаа өнгөрсөн бол шалгалтын ажиллагаа явуулах гэж байвал зогсоож шийддэг. Энэ нь гагцхүү хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх эцэстээ хэн нэгэн биш хууль засагладаг байх явдал юм. Яагаад 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэргийг 10 жилийн дараа шалгаад байгаа юм бэ? 20 жилийн өмнөх үйл баримтыг шалгаж болохгүй 15 жилийн хугацаа өнгөрөөд байхад хуулийн хориглосон заалтыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг хариултыг нэхээд хүсэлт гомдол гаргаад явж байна.

-Одоо прокурор, АТГ-аас ямар нэгэн шийдвэр гарч үйл ажиллагааг нь нээх сураг байна уу?

-Бид хуулийн дагуу хүсэлт гомдлоо гаргаж өгсөн, хүлээсээр л байна. Мэдээж олон зуун ажилтан бас энэ тодорхойгүй байдлыг яахыг мэдэхгүй өдөр бүр сураглаад л сууж байна даа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *