Пак Сүн Ү: Улаанбаатар хотын метроноос гадна нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулна

0

Улаанбаатар хотыг метротой болгох төслийн эхний шат буюу зөвлөх үйлчилгээний гэрээг өнөөдөр байгууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод метро байгуулахад БНСУ-ын “Дова инженеринг” компанийн түншлэл зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Гэрээнд тус компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Нийслэлээс метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай явуулснаар ОХУ, БНХАУ, БНСУ-ын 4 компани өрсөлдөж, “Дова инженеринг” тэргүүтэй БНСУ-ын компаниудын түншлэл сүүлийн шатанд хамгийн сайн үнэлгээ авч шалгарчээ. Энэ консерциумд БНСУ-ын Солонгосын Үндэсний төмөр зам, Солонгосын төмөр замын корпорац болон “Сүүсон инженеринг” компани багтаж байна. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Японы “Ниппон Коей” компани ажиллах аж.  

“Дова инженеринг” компанийн ерөнхий захирал Пак Сүн Ү “Улаанбаатар метро” төслийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр, төслийн эхний шатанд ТЭЗҮ-ийг өөрчлөн боловсруулах, нэгдүгээр шугамыг төлөвлөх, улмаар дизайныг гаргаж, метро тавих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна гэв. Эдгээр ажлыг 75 сарын дотор хэрэгжүүлнэ. Энэ бол бага хугацаа биш. Манай компаниуд туршлагадаа үндэслэж байна. “Дова” гэхэд л 1957 онд байгуулагдсан 67 жилийн түүхтэй, 47 оронд салбартай. Ази, Африк, Латин америкийн орнуудад метро барих төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай.

Бид Улаанбаатарын метроны судалгааг эхлүүлсэн. Метроноос гадна бид нийтийн тээврийн чиглэлийг оновчтой болгож уялдуулах, метроны буудлуудыг барих, газар доорх худалдааны төвүүдийг байгуулах зэрэг дэд бүтцийг тавина гэдгийг мэдэгдлээ.

Улаанбаатар хотын метроны анхны буюу нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км урт зам, 14 буудал байх аж.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Улаанбаатар хотод метро тавих, барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр гараанаас эхэлж байна. Гэрээ байгуулсан өдрөөс эхэлж метро байгуулах ажлын цаг хугацаа тоологдож эхэлнэ гэдгийг онцлон хэлэв.

Метроны нэгдүгээр шугамыг нийслэл өөрөө 2029 он хүртэл санхүүжүүлнэ. Урьдчилсан байдлаар метроны эхний шугамын эрчим хүчний хэрэглээ 30МВ байна гэсэн тооцоог гаргасан. Энэ жил Улаанбаатар хот төвийн эрчим хүчний системд өөрийн санхүүжилтээр эрчим хүчний эх үүсвэр нийлүүлнэ гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *