УИХ дахь намын бүлгүүд байгуулагдсаныг танилцуулж, УИХ-ын дэд дарга нарыг сонгов

0

Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.05) хуралдаан 10 цаг 09 минутад гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Улсын Их Хурал дахь намын бүлгүүд байгуулагдсаныг танилцуулав

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.1-т заасан суудал авсан нам, эвслийн гишүүд бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно” гэж, 20.2-т “Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Бүлэг даргаа гишүүдийн олонхын саналаар сонгож, бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ” гэж тус тус заасан байдаг.

Энэ дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулж, бүрэлдэхүүн болон даргыг сонгосон тухай шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлсэн байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгосон бол Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэйгээр байгуулагдаж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулан, намын бүлгийн гишүүд, дарга нарт амжилт хүслээ.

Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо

Дараа нь Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “Улсын Их Хурлын дэд даргыг тухайн Улсын Их Хурлын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, ил санал хураалтаар сонгоно” хэмээн заасан байдаг.

Хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл нар танилцууллаа.

Дараа нь санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 110 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг Улсын Их Хурлын дэд даргаар тус бүрд нь сонголоо. Иймд холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдаж, Д.Амарбаясгалан дарга хуралдаанд бүрэн эхээр нь уншиж танилцуулсан.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдэж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэсэн.

Байнгын хороодын бүрэлдэхүүнийг батлав

Улсын Их Хурлын АН-ын бүлгийн завсарлага дуусч, чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д Улсын Их Хурал Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Ёс зүй, дэгийн, Инновац, цахим бодлогын, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн гэсэн нийт 11 Байнгын хороотой байхаар заасан байдаг.

Холбогдох хуулийн дагуу Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болно. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн Улсын Их Хуралд авсан суудлын хувийг харгалзана. Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана.

Улсын Их Хурал дахь намын бүлгүүд Байнгын хорооны тоо, олонх, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүнийг Байнгын хороонд хуваарилах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын танилцуулсан Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү батлагдсан Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Д.Амарбаясгалан дарга Улсын Их Хуралд танилцуулсан бөгөөд А.Ундраа, О.Цогтгэрэл, Б.Батбаатар нарын гишүүд тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан санал хэлж, тодруулга хийсэн юм. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *