Н.Өнөрцэцэг: Өнөөдөр Монгол Улсад Н.Өнөрцэцэгээс өөр онц ноцтой гэмт хэрэгтэн байхгүй юм уу
Сүхбаатар дүүргийн шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өглөө 09:00 цагт эхэлсэн шүүх хурал дөнгөж сая түр завсарлалаа. Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн байр суурийг тодруулав.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Олон төрлийн хэрэгт буруутгагдаж байгаа учир өмгөөлөгч маш их хэрэгтэй байна. Өмгөөлөгчөөр хангаж өгөөч гэдэг хүсэлтийг шүүхэд тавьсан боловч хүсэлтийг маань хангаж өгсөнгүй. Өмгөөлөгчгүй шүүж байна. Намайг төрийн нууц хадгалсан гэж буруутгаж оны өмнө яллагдагчаар татсан. Төрийн нууцыг би хадгалсан юм бол төрийн нууцыг задруулсан төрийн алба хаагч, дарга, сайд энд яагаад шүүгдэхгүй байна вэ. Үүнд би гомдолтой байна. Би хууль мэдэхгүй ч энэ бол хоршсон гэмт хэрэг. Гэтэл задруулсан хүнийг энд авчирсангүй.
Татвар төлөхөөс зайлсхийх гэж намайг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 550 орчим сая төгрөгийн татварыг ТЕГ-т төлсөн байна. Би татвараа нуудаг хүн биш. Алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Би өөрийгөө хувийн хэвшлийн төлөөлөл гэж бодож байгаа. 7 жил 22 хүнийг тогтвортой ажлын байраар хангаж ажиллаж байгаа. Манайд энэ алдаагаа залруул гэж нэг удаа акт бичээд өгсөн бол залруулах байсан. Үнийн дүнг нь хэлэх юм бол хүмүүс саваад унах байх. Гэвч мөрдөн байцаалтын нууц учир хэлж болохгүй.
Өнөөдөр Монголын ард түмний төлөө дуугардаг нам гэж байхгүй болсон. Сөрөг хүчингүй болсон. Энэ сөрөг хүчний үүргийг муу, сайн нэртэй сэтгүүлч нар “Зариг” гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад Н.Өнөрцэцэгээс өөр онц ноцтой гэмт хэрэгтэн байхгүй юм уу. Шүүх том хашаагаа хааж байгаад намайг шүүж байна. Төрийн нууцыг задруулсан дарга сайд нь төрийн ордонд суугаад хадгалсан гэх сэтгүүлч нь яагаад шүүгдэх ёстой юм бэ.
Намайг 68 хоног хорьж, 7 сар гэрийн хорионд байлгалаа. Өмгөөлөгчгүй хоёр хоног шүүгдэж байна. Шүүгчээс бусад нь бүгд намайг буруутгаж байгаа. Прокурорууд яллах гээд аймаар дайрч байна. Би хуулиар сураагүй, өмгөөлөгчгүй ийм л нөхцөл байдалд байна” гэлээ.