МОНЦАМЭ агентлагийн 103 жилийн ой тохиож байна

0

“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” уриатай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Одоогоос 103 жилийн өмнө буюу 1921 оны долоодугаар сарын 19-нд Монголын Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ шинэ хуудас нээж МОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн эхлэлийг тавьсан билээ.

МОНЦАМЭ байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

Монголыг олон улсад сурталчлах үүргээ амжилттай биелүүлж, босоо монгол бичиг, орос, хятад, япон, англи хэлээр 7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Мэнгу сяосибао”, “Монгору Цушин”, “The Mongol Messenger сонин, улирал тутам “Mongolia Today” сэтгүүлийг англи хэлээр эрхлэн гаргаж өдөр тутам тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн www.montsame.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Зуу гаруй ажилтантай манай агентлагийн байнгын сурвалжлагчид нийслэл Улаанбаатар хотоос гадна 21 аймагт ажиллаж, улс орноо гадаадад таниулан, үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага (ОАNА)-ын гишүүний хувьд тус байгууллагын гишүүн агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцож, Монгол Улсад болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг өдөр тутам ОАNА-н мэдээллийн нэгдсэн сан /www.oananews.org/-д нийлүүлдэг.


Бид ОХУ-ын ТАСС, РТ, БНХАУ-ын Синьхуа, Их Британийн Ройтерс, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, Японы Киодо Цушин, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, Италийн АНЗА, Бельгийн Дипломат ворлд, Узбекистаны УзА, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, өдөр тутам мэдээ, мэдээлэл солилцож, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж туршлага солилцдог юм.

Хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, БНХАУ-ын CGTN, Катарын QNА агентлагтай гэрээ байгуулахаар бэлтгэж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *