Стефани Бурри: Монголын ардчиллыг бэхжүүлэх, энх тайвны төлөөх үйлсийг үргэлж дэмжинэ
Монгол Улс, Швейцар Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурритай ярилцлаа.
-Монгол, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964 оноос хойшх хугацаанд харилцаа, хамтын ажиллагаанд гаргасан амжилт ололтын талаар товчхон ярина уу?
-Хоёр улс өнгөрсөн хугацаанд энгийн харилцаатай байсан бол Швейцарын хөгжлийн агентлаг Монголд 2004 онд албан газраа нээснээр харилцаа эрчимжсэн. Монголын Засгийн газар 2001 оны өвөл одоогийнхоос ч хүнд зуд болох үед Швейцараас тусламж хүсэж байсан. Бид хүсэлтийг дагуу ирж малчдад мал, малын тэжээл худалдаж авахад нь мөнгөн тусламж үзүүлсэн байдаг. Хэрэв энэ тусламж очоогүй бол олон малчин хотоо харлуулж, аж ахуйгаа орхин, нийслэлийг зорих байсан гэж боддог. Ингээд Швейцарын хөгжлийн агенлаг 2004 албан газраа нээснээр хоёр улсын харилцаа хүмүүнлэгийн тусламжаас хувьсан ахиж, хоёрт талт хамтын ажиллагааны түвшинд хүрсэн. Хамтын ажиллагааны онц үр дүнд хүрсэн гэж боддог. Учир нь Монголын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага, ард иргэд гээд бүх түвшний түнштэй хамтарч ажилласан. Энэ харилцаа боловсрол, сайн засаглал, ардчилал, агаарын бохирдол, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт өргөжсөн. Бүх түвшний хамтрагчтай ажилласан болохоор бидний тарьсан модны үр жимс, өгөөжийг одоо болон ирээдүйд хүртэх боломж бүрдсэн. Швейцарын хөгжлийн агентлаг хаагдсан ч энэхүү замнал үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
-Швейцарын хөгжлийн агентлаг манай улсад маш олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй, өгөөжтэйг нь дурдвал?
-Дээр дурдсан зудын хохирлыг багасгахаар малчидтай хамтарч ажилласан. Зудын гамшгийг тохиолдол, бэлчээрийн даац хэтрүүлэх, бэлчээрийн менежмент муу байгааг олж харснаар бид Засгийн газартай хамтран мал бүртгэх мэдээллийн сан байгуулсан. Энэ санаачилгын дүнд малын үүсэл гарлыг хянах, мөшгөх тогтолцоог бий болгох, хууль ёсны махны худалдаа эрхлэх, малаа вакцинжуулах суурийг тавьж, илүү эрүүл малтай болсноор сайн чанарын ноос ноолуур, арьс ширийг ашиглах болсон. Үүнтэй зэрэгцүүлэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулсан. Малчдыг дэмжиж, илүү сайн чанарын бүтээгдэхүүн гаргах, зах зээлд ашигтай үнэ ханш тогтоох, тогтвортой бэлчээрийн менежментыг бий болгохыг зорьсон. Бэлчээрийн даац хэтрүүлэлтийг шийдэх нэг арга нь ямааны оронд байгальд илүү ээлтэй тэмээ, сарлаг үржүүлж, тэдгээрийн хөөврийг ашиглан, орлогын шинэ эх үүсвэр бий болгохыг малчдад ойлгуулах юм.
Тодруулбал, сарлагийн хөөврийн чанарыг сайжруулах, сарлагийн сүү, ширээр сайн чанарын бүтээгдэхүүн хийхэд дэмжлэг үзүүлсэн. Өмнө нь вакцинд хамруулдаггүйгээс болж чанар муу байсан сарлагийн шир өнөөдөр чанаржиж, гар аргаар хийсэн хөл бөмбөг гэхчлэн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд хийж байна. Сайн чанарын ширэн бөмбөг гэхэд түүхий эдийн үүсэл гарал, хариуцлагатай үйлдвэрлэлийг баталгаажуулсан QR кодтой, хуулбарлах боломжгүй.
Хариуцлагатай нүүдэлчид брэнд нь ямаа, тэмээ, сарлагийн түүхий эдийг боловсруулж, бүтээгдэхүүнийг хариуцлагатай бэлчээрийн аргачлалаар, даац хэтрүүлэлгүй үйлдвэрлэснийг баталгаажуулдаг. Үүнийг хэрэглэгчдэд ил тод харуулах QR код нь Монголд хариуцлагатай үйлдвэрлэлээр бүтээснийг баталдаг тул зах зээлд илүү үнэ ханшаар борлуулах суурийг тавьдаг. ХҮ хамтлаг, Хүннү брэндтэй хамтарч үүсэл гарлын баталгаатай сарлагийн ширээр Монголд тогтвортой үйлдвэрлэлээр бүтээсэн мерчандайзууд олон улсын зах зээлд өндөр үнэ хүрдэг. Сүүлд гэхэд, Монгол, Швейцарын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баяраар Швейцарын бяслагны мэргэжилтэнг урьж авчран, монголын томоохон АПУ компанитай хамтран үнээний сүүгээр “ нөхөрлөлийн бяслаг” хийсэн нь бидний соёлын солилцоог өргөжүүлэхийн төлөө байгааг илтгэж буй хэрэг юм.
-Швейцар технологи ашиглан, монгол малын түүхий эдээр чанартай бүтээгдэхүүнүүд хийж болдгийг харах сонирхолтой байлаа. Ирээдүйд Швейцарын хөгжлийн агентлаг манай улстай ямар хүрээнд хамтарч ажиллах сонирхолтой байгаа вэ?
-Монголын Засгийн газартай хамтарч ажилласны дүнд төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, УИХ-тай хамтарч хэрэгжүүлсэн санаачилга, түншлэл нь Монголын парламент, Засгийн газрын хараа хяналтыг сайжруулсан. Ирээдүйд, Швейцарын хөгжлийн агентлаг нь Монголын ардчилал, сайн засаглалыг сайжруулахад чиглэсэн ажил хэрэгжүүлэхэд анхаарна. Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлэхийг зорино. Амжилттай хэрэгжиж буй парламентын үйлчилгээг сайжруулах төслийн дүнд УИХ-тай шинэчилсэн гэрээ байгуулсан. Монголд Швейцарын хөгжлийн агентлаг үүд хаалгаа хааж байгаа ч Монгол Улстай хийсэн хамтын ажиллагаа эерэг үр дүнд хүрсэн тул Швейцарын парламентаас энэ ажил хэргийг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн. Монгол, Швейцарын парламент хооронд энэ оны тавдугаар сард байгуулсан гэрээ нь хоёр талын түншлэлийн бат бэх чанарыг харуулж байгаа юм.
-Тэгэхээр Монгол, Швейцарын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч байгаа гэсэн үг үү?
-Швейцарын Холбооны Улс нь Монголын Засгийн газар тусламж хүсэх үед бэлэн гэдгээ илэрхийлье. Аливаа хоёр улсын харилцаанд тодорхой хэмжээний эрх мэдлийн ялгаа байдаг. Тухайлбал, хандивлагч улсууд ихэвчлэн удирдах үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улс бусад улсад дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж энэ төрлийн харилцаа өрнүүлж ирсэн. Харин одоо түншлэлээ шинэ түвшинд хүргэхийг зорьж байна. Монгол, Швейцарын Холбооны Улс ирээдүйд эн тэнцүү түвшинд, харилцан хүндэтгэлтэй, санхүүгийн тэгш оролцоотой хамтарч ажиллах цаг үе ирнэ гэдэгт итгэдэг. Энэ түншлэл нь хоёр улс тэнцүү хувь нэмэр оруулж, тэгш ашиг хүртэх, харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх юм.
Монгол Улс дэлхийд маш ихийг харуулах боломжтой, бусад улс Монголоос мөн суралцах ч боломжтой. Тухайлбал, Камбожийн Хаант улс, Лаос улс, Тажикистан улсын төлөөлөгчид Монголын засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах талаар туршлага судлахаар ирсэн. Тэд бидний Монголд хэрэгжүүлсэн засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах талаар хөтөлбөрийн үр дүнг сонирхсон юм. Үүний нэг бодит жишээ нь иргэд иргэний үнэмлэхээ авахдаа Нийтийн үйлчилгээний төв рүү явах биш тухайн хорооноосоо авах боломжтой болсон. Нэг цэгийг үйлчилгээг анх нэвтрүүлж байлаа. Монгол Улс дахь ардчилал бол бусад улс дагаж болохуйц загвар юм. Бусад улс Монголд ирж “Нэг нэгийн үйлчилгээ” зэрэг төслийн үр дүнг харж болно. Монгол ололт амжилтаа харуулж, сургамж, туршлагаа хуваалцах боломжтой болсон. Энэ нь бусад улс орны сонирхлыг ихэд татдаг. Дээрх төлөөлөгчид Монголоос их урам аваад, дахин ирэх сонирхолтойгоор буцсан. Тийм болохоор үргэлж шинэ, хувьсаж байдаг арга барилыг ашиглах хэрэгтэй.
Хүмүүнлэгийн салбарын нэг жишээ дурдахад, бид Б.Болдсайхан эмчээр удирдуулсан “Бундан” ТББ-ын “Зүрх Мартахгүй” төслийг хоёр удаа дэмжсэнээр гайхалтай үр дүнд хүрсэн. Тэд Киргизстан улсад үйл ажиллагаагаа тэлсэн бол БНАСАУ, Афганистан улсаас хүсэлтүүд ирсэн. Төслийг Монголоос гадна бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Нэмж хэлэхэд, тэдгээр улсаас зүрхний болон мэс заслын эмч нар Монголд ирж туршлага судалж, чадвараа хөгжүүлэн, эх орондоо очоод олон хүүхдийг эмчилж, эрүүл мэндийн салбартаа хувь нэмэр оруулж байгаа. Энэ нь хүмүүнлэгийн тусламжаас илүүтэй, энх тайвны төлөө санаачилга болж байна. Хэрвээ хоёр улс хамтарч ажиллавал харилцан яриа хэлэлцээ хийж, хоёр улсын ард иргэд, байгууллага хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх нөхцөл бүрдүүлдэг нь эцэстээ энх тайвныг дэмжиж буй хэрэг билээ.
Энх тайван нь манай хоёр улсад маш чухал зүйл. Манай хоёр улс төвийг сахисан, жендерийн тэгш эрх, хүний эрхийг дээдэлсэн, энх тайвны үнэт зүйлсээр холбогддог. Эдгээр үнэт зүйлс нь манай хоёр улсыг төсөөтэй болгодог. Бид үүнийг ирээдүйд улам хөгжүүлэхийг зорьж байгаа. Бидний хамтын ажиллагаа бодит төслүүдээс гадна хамтын ашиг сонирхолд тулгуурладаг.
-Манай хоёр улсын худалдааны эргэлт 20 жилийн өмнө 30 мянган ам.доллар байсан бол 1.7 тэрбум болж 50 дахин нэмэгджээ. Манай улс алтныхаа 97 хувийг Швейцарын Холбооны Улс руу экспортолдог. Алтнаас өөр, тухайлбал амжилттай хэрэгжүүлсэн төслийн чанартай бүтээгдэхүүнээр импортын нэр төрлөө өргөжүүлэх боломжтой юу?
-Швейцарын Холбооны Улс нь Монгол Улсын экспортын хоёр дахь чухал хамтрагч. Бид Монголбанктай хамтран тогтвортой бичил уурхай төслийг хэрэгжүүлсэн. Тухайн үед бичил уурхайд хүүхдүүдийг хууль бусаар ажиллуулж, байгальд хортой мөнгөн ус гэх мэтийг хэрэглэж байсны зэрэгцээ, хууль зүйн болон нийгмийн үр өгөөжийг хүртдэггүй байсан. Бид байгаль орчинд ээлтэй бичил уурхайг төлөвшүүлэх, мөнгөн усны хэрэглээ, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, бичил уурхайн нэгдсэн холбоог байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын Засгийн газрын дэмжлэгээр бичил уурхайг хууль ёсны болгож, тэднийг байгаль орчны ээлтэй нөхөн сэргээх аргачлалд сурган, алтны худалдаанд шударгаар оролцох боломжоор хангасан. Бичил уурхайчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвийг Дархан-Уул, Баянхонгор аймагт байгууллаа. Бичил уурхайчид энд алтаа сорьцлуулах, худалдах, хайлуулах боломжтой. Нэг цэгийн үйлчилгээний төв нь алт худалдах, сорьцлох, хайлуулах үйл явцыг хялбарчилж, ил тод байдлыг хангаж, бичил уурхайчдад тулгарах эрсдэлийг багасгаснаар алтны хууль бус олборлолт, худалдааг таслан зогсоосон. Одоогоор Монголбанкыг Швейцарын Төв банктай холбохоор ажиллаж байгаа.
Импортын бүтээгдэхүүний тухайд, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн Швейцарт алдартай. Тэмээний хөөврөн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд нэвтэрч байна. Монголын үйлдвэрлэгчид шинээр сэтгэж, бусдаас онцгой бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.
Дэвшилтэт үйлдвэрлэлийн аргачлал, илүү өндөр цалин, шударга худалдааны санаачилгаас болоод монголын бүтээгдэхүүнүүд Мьянмар, Бангладеш, Хятад улсынхаас үнэтэй болдог тул үнээр өрсөлдөх боломж хомс байдаг. Амжилт олохын тулд монголын бүтээгдэхүүнүүд үүсэл гарлын баталгаатай, хариуцлагатай аргаар үйлдвэрлэсэн байх хэрэгтэй. Үүсэл гарлын баталгаагүй бол бусад улс загвар хийцийг нь дуурайгаад, хямдаар зарчихна. Бүтээлч, үнэ цэнэтэй, таатай орчин бүтээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн чухал байна.
Түүнчлэн, Монгол дотроо өрсөлдөх том орон зай бий. Швейцар, Францаас бяслаг импортлохын оронд өөрсдөө үйлдвэрлэх боломжтой. Бидний 2010 онд нэвтрүүлсэн “Төмс” төслийн дүнд өнөөдөр дотоодын төмсний хэрэгцээгээ хангах болсон. Үүнтэй адил, Монголын цаг уурт тохирсон ногооны үр сайжруулах ажил хийсэн ч дотоодын хэрэглээний 70 хувийг л хангаж байна. Иймд эхлээд дотоодын хэрэгцээгээ хангахад анхаарах ёстой. Дотоодод үйлдвэрлэсэн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнээ экспортлоход олон улсын стандарт хангах, нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг шийдэх нь чухал. Чанар, нийлүүлэлтийн тогтвортой суурийг тавьснаар Монголын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд тогтвортой хэрэглэгчдийн санг бүрдүүлэхэд тусална.
-Монголд ажиллах хугацаанд тулгарч байсан бэрхшээл, сорилтоосоо хуваалцана уу?
-Хүйтэн өвөл агаарын бохирдол хэцүү ч Монголд өвөл, зунгүй үргэлж нартай байдаг нь сайхан. Надад тусалж дэмждэг гайхалтай баг хамт олон байгаад талархдаг. Энд ажиллах хугацаанд малчдаас эхлээд Засгийн газрын бүх түвшинд сайхан хамтрагчидтай таарсан. Хамтын ажиллагаа амжилттай байж, хамтдаа хязгаарыг давж, шинээр сэтгэж ажилласан. Юу дутаж байгаад төвлөрөхгүйгээр өөрт байгаа боломжоо хамгийн үр дүнтэй ашигласан. Энэ арга барил нь амьдралыг тааламжтай, хангалуун болгодог юм.
Монголын өргөн уудам нутгаар сүүлийн дөрвөн жилд гайхалтай байгалиар аяллаа. Би ажлын байрнаасаа гараад өөр аймгийн хүмүүстэй уулзаж, шинэ санаа эрэх дуртай. Монголын бүс нутаг бүр өөрийн гэсэн онцлогтой. Алтайн нуруунд явснаа үргэлж дурсдаг юм. Мөн цаа буга хараад маш сайхан санагдсан. Саяхан тэмээн аяллаар явахад ч цэлмэг тэнгэртэй, нар гийсэн сайхан өдөр байсан. Монголын нар намайг аз жаргал дүүргэж, алмайруулдаг юм.
-Бидэнд дуу хөгжим, бөх барилдаан, энх тайванч зарчим гээд олон төстэй зүйл байгааг анзаарлаа. Монголчууд өнөөг хүртэл нүүдэлчин соёлоо тээсээр яваа улс. Швейцарын Холбооны Улсын соёлтой харьцуулахад нүүдэлчин соёлын юу нь сонирхолтой санагдаж байна вэ?
-Монгол хүн маш тайван, найрсаг, зочломтгой. Хаана ч очсон халуун дулаанаар угтдаг, нээлттэй зан чанар нь маш тааламжтай санагддаг. Монголчуудын цаг, орон зайн өвөрмөц мэдрэмжид талархах болсон. “За, үүнийг маргааш оролдоод үзье” гэдэг нь надад, байнга санаа зовохоо болиод илүү хүлээцтэй байхыг заасан. Энэ үнэ цэнтэй ойлголтоо эх орондоо харихдаа ч тээгээд л явна. Монгол хүний асуудлыг энх тайвнаар шийдэх арга замыг олж харсан. Яриа хэлэлцээнд санал зөрөлдөх үед ихэвчлэн дөлгөөн тогтуун ханддаг нь үнэхээр хүндэлмээр.
Монгол, Швейцар хоёр улсын хооронд ямаа, үнээний сүүгээр бяслаг хийх гэхчлэн соёлын төсөөтэй олон элемент бий. Монголд зүлгэн дээр бөх барилддаг бол Швейцарт швинген хэмээх бөх нарс модны үртэс дээр барилддаг. Хоёр улсын соёлд барилдах нь гүн шингэсэн, олны хүртээл болсон байдаг. Швейцарт гурван жил тутам барилдаан болж бөхийн аваргадаа “Кинг” буюу Хаан гэж цол олгодог.
Мөн, Монгол, Швейцарын Холбооны хоёр улс хүчтэй хөрш улсуудын дунд байрлах далайд гарцгүй орнууд. Монгол нь Орос, Хятад хоёрын дунд оршдог бол Швейцар нь Герман, Франц, Итали, Австри Люхтенштейн улсын дунд оршдог. Хоёр улс хөршүүдийн харилцаандаа адилхан болгоомжтой ханддаг. Учир нь хөрш орнуудад болж буй зүйлд хүчтэй нөлөөлдөг тул яриа хэлэлцээ, тохиролцоо хийх шаардлагатай болдог. Энэ мэт төсөөтэй байдал нь манай хоёр улс ардчилсан засаглал, төвийг сахисан байдлаа хадгалж үлдэхийн тулд сайн хэлэлцээ хийх чадварыг хөгжүүлжээ. Хэлэлцээ хийх, хөршүүдтэйгээ нийтлэг байр суурь олох чадвар нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улсыг тогтвортой байдал, хараат бус байдлаа бэхжүүлэхэд хэрэгтэй байдаг.