Дэлхий дахинд үүссэн цахим сүлжээний тасалдлаас болж нислэгүүд зогсоож, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа саатаж байна
Өнөөдөр дэлхийн хэмжээнд үүссэн технологийн тасалдлаас болж агаарын тээврийн компаниуд нислэгээ хойшлуулж, зарим өргөн нэвтрүүлгийн байгууллагууд цацалтаа зогсоож, банкнаас эхлээд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч хүртэл олон салбарын үйл ажиллагаа тасалдаад байна.
“American Airlines”, “Delta Airlines”, “United Airlines”, “Allegiant Air” компаниуд үүсээд буй асуудлын улмаас нислэгээ зогсоожээ.
Шалтгаан нь тодорхойгүй байгаа ч “Microsoft” тасалдлын “удаан хугацааны үр нөлөөг” арилгахын тулд арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн байна.
Австралийн засгийн газар дотоодын хэвлэл мэдээлэл, банк, харилцаа холбооны компаниудын тасалдлыг дэлхийн кибер аюулгүй байдлын “Crowdstrike” фирмийн “Falcon Sensor” программд үүссэн доголдолтой холбон тайлбарлав.
Австралийн кибер аюулгүй байдлын үндэсний зохицуулагч Мишель МакГиннессийн ажлын алба уг тасалдлыг кибер аюулгүй байдлын зөрчилтэй холбоогүй гэж таамаглаж байна.
Тасалдал нь аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр нөлөөлж байгаа бөгөөд Токио, Амстердам, Берлин болон Испанийн хэд хэдэн нисэх онгоцны буудлууд системийн асуудалтай тулгарч, саатал үүсээд байгааг мэдэгджээ.
Зорчигчийн тоогоор Европт хамгийн томд тооцогддог агаарын тээврийн “Ryanair” зэрэг олон улсын агаарын тээврийн компаниуд захиалгын системтэй холбоотой асуудлууд болон бусад тасалдлуудын талаар анхааруулав.
Их Британид эмч нарын ашигладаг систем сүлжээгүй болсон бол тус улсын томоохон мэдээний сайт “Sky News”-ийн шууд дамжуулалт зогссон байна.
Австралиас Энэтхэг, Өмнөд Африк хүртэлх банкнууд болон бусад санхүүгийн байгууллагууд үйлчилгээнд нь саад учраад байгааг үйлчлүүлэгчдэдээ анхааруулжээ.
“Amazon”-ы “AWS” үүлэн үйлчилгээ үзүүлэгч мөн системд нь асуудал гарсан болохыг мэдэгдсэн байна.
Эдгээр бүх тасалдал нь “Crowdstrike”-ийн асуудалтай холбоотой эсэх эсвэл өөр асуудал үүссэн эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters