Химийн олимпиадад оролцох баг Саудын Арабыг зорилоо
Монгол Улсын баг олон улсын химийн 56 дугаар олимпиадад оролцохоор өнөөдөр (2024.07.20)Саудын Арабын Рияд хот руу хөөрлөө.
Олимпиадад оролцох багт:
- Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 11-р анги)
- Батсуурийн Номин-Ундрах (Орчлон сургууль, 11-р анги)
- Болдын Эрмүүнболд (Шинэ Монгол Харүмафүжи, 12-р анги)
- Мөнхбаатарын Одгэрэл (Бага Тэнгэр, 10-р анги) нар оролцоно.
Дасгалжуулагчдын багт:
Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС) Д.Бамбар (АХШУТИС) нар оролцож байна.
Энэ удаагийн олимпиадын онцлог нь шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу 8-12 хувь алтан медаль, 18-22 хувьмөнгөн медаль, 28-32 хувь хүрэл медаль тус тус эзлэх юм.
Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, бүс нутгийн химийн шинжлэх ухааныг сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог ихэсгэх зорилготой юм. Цаашлаад эх орны түүхий эдээс дэвшилтэд технологид хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх химийн үйлдвэрийн дотоод чадвартай боловсон хүчнийг бэлтгэх бодлоготой.
Энэхүү тэмцээний хоёр дахь том онцлог бол олон улсын жишгийн дагуу арбитрэшний үйл ажиллагааг зохион байгуулж, цахим технологийн хэрэглэгдэхүүн хэрэглэж байгаа нь цаг хугацаа хэмнэж сурагчдын дундах шударга өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ үнэлгээний системийг илүү алдаагүй болгож байна. Зохион байгуулагч улсад судлаачаар ажиллаж буй доктор Д.Бамбар (Абдул Хааны Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль) дасгалжуулагчийн багт орж байгаа нь бас нэг онцлог юм.
Ийнхүү Боловсролын ерөнхий газар, МУИС, “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй олон улсын олимпиадад оролцох сурагчдын сонгон шалгаруулалт, бэлтгэлийн үйл ажиллагаа жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.