Монголын математикчид зургаан медальтай эх орондоо ирнэ
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Батт хотод зохион байгуулсан олон улсын математикийн 65 дугаар олимпиадад Монголын баг зургаан медаль хүртжээ.
Тодруулбал, “Сант” сургуулийн 12г ангийн сурагч Д.Энэрэлт алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин “Эрхэт-Эрдэм” сургуулийн 10а ангийн сурагч Т.Билгүүнгэрэл, 11 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Тэнгис нар мөнгө, 11 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Б.Билгүтэй, “Сант” сургуулийн 10в ангийн С.Манлай, 11 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Хавалболот Нурсолтан нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Энэхүү амжилтаараа Монголын баг 142 оноогоор 13 дугаар байр эзэлсэн байна. 65 дахь удаагийн математикийн олимпиадад Монголын багийн ахлагчаар Б.Батбаясгалан, У.Батзориг нар ажиллажээ.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсын сурагчид сүүлийн таван жилийн хугацаанд олон улсын математикийн олимпиадаас таван алт, зургаан мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.