14 мега төсөл: Говийн цангааг тайлж, хөгжлийг тэтгэх Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл

0

Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар “хөгжлийн хөдөлгүүр” гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой” гэж байлаа.

Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл

Хүн амын өсөлт, хотжилт, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд 2030 онд ус хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 127 тоот тогтоолыг үндэслэн 1977-1980 онд “Хэрлэн голын сав нутгийн усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем” боловсруулж байжээ. Үүнээс хойш Хэрлэн голын усны нөөцийг тооцох, бүс нутаг хооронд дамжуулан ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн байгууллагуудын олон дүгнэлт гарсан байна.

2015 онд “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”-ээр тооцоход зөвхөн хуримтлуулсан усаа уул уурхайн бүст нийлүүлэх замаар орон нутгийн төсөвт жилдээ 180 тэрбум төгрөгийн орлого оруулах тооцоо гарч байжээ. Гэвч зарим улс төрч болон Хэнтий аймгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй гэдэг. Говьд усны нөөц хомс тул томоохон үйлдвэрүүд байгуулж, тэнд ажиллах олон зуун ажилчдыг цэвэр усаар хангах бодит сорилттой тулгарсан нь бултах аргагүй үнэн болоод байв. Иймд говийн гүний усыг ашиглалгүй, гадаргын ус ашиглах Хэрлэн-Тооно төслийг санаачилжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д танилцуулах үеэрээ “Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулснаар Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны түвшин тогтворжих, хүн ам, мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэх, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах, шар шороон шуургатай тэмцэх боломжгүй юм” гэж байлаа.

Харин өнгөрөгч аравдугаар сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Орхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөр ахлуулан шинэчлэн зохион байгуулсан байдаг. 

Усгүй бол олборлолт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын тухай яриа байхгүйтэй адил. Иймд говийг усжуулах, гадагшаа урсгалтай голуудаас говь руу ус татаж, үйлдвэрлэлд гадаргын усыг ашиглах Орхон Онги, Хэрлэн тоонот төслийг хэрэгжүүлэх нэн шаардлага бий аж.  Орхон голоос онги голруу ус татан урсацыг нэмэгдүүлж, балгасын улаан нуурыг тэжээх замаар, зүүн талд хэрлэн голоос хоолойгоор говьруу ус татах замаар Говийг устай болгоно хэмээн 2021 онд ЭТТ-ийн гүйцэтгэх захирал асан ярьж байж.

Төрөөс баримталж буй хөгжлийн бодлогууд, бүс нутгийг хөгжүүлэх, Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах усны томоохон төсөл “Хэрлэн Тооно” төсөл юм. Энэхүү төсөл Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүсийн зүүн хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс нутагт хамаардаг. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 2 сум, Говьсүмбэр аймгийн 3 сум, Дорноговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 3 сумын газар нутгийг хамрах аж. Төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээ энэ оны 11 дүгээр сарын 1-нд батлагдсан. “Оюу толгой” ХХК уг ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэж буй бөгөөд Хэрлэн гол дээр усан цогцолбор байгуулах боломжит хөндлүүрийн талбайд судалгааны ажлууд эхэлж, ус дамжуулах шугамын трасс зураг урьдчилсан байдлаар гарч удаан хугацаанд яригдаж байсан “Хэрлэн Тооно” төсөл хэрэгжиж эхлэхэд нэг алхам урагшилсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтаж дэмжигдсэн говьруу ус татах төсөл хэрэгжсэнээр дараах үр дүн гарна.

Хэрлэн-Тооно усан цогцолбор: 

• Хэрлэн голын олон жилийн дундаж урсацын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангана. 

• Жилдээ 30 мян.тн хүлэмжийн хийг бууруулна.

• “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулна.

Орхон-Онги усан цогцолбор:

• Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны төвшин тогтворжиж, нийгмийн хувьд Онги голын дагууд оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ.

• Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *