Э.Сэргэлэнбаатар: 25 хүний 300 гаруй сая төгрөгийн койн залилсан этгээд өнөөдөр 7 жилийн ял авлаа
Койн болон сэтгүүлчийг баривчиллаа гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар:
-2022 оны хоёрдугаар сараас эхлэн манай улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болсон. Энэ хуулийн гол зохицуулагчаар Санхүүгийн зохицуулах хороо байхаар тусгасан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүдийг бүртгэнэ гэж заасан.
Тэгвэл цагдаагийн байгууллагад орсон шинэ зохицуулалтаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 18.19, 18.20-д зааснаар энэ салбарын дотоод мэдээллийг ашиглан хууль бусаар ашиг олж байгаа, хоёрт энэ салбарын үйл ажиллагааг урвуулан ашиглаж байгаа этгээдүүдийг мөрдөн шалгахаар заасан. Цагдаагийн байгууллагаас гадна тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн харьяалалтай.
Тус хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор 2022 оын зургаадугаар сараас Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэж эхэлсэн. Одоогийн байдлаар 12 крипто бирж байна. Бидний судалж үзсэнээр тухайн биржүүдэд 37 койн арилжаалагдаж байгаа.
2020-2022 онд крипто биржийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан. Ингэхдээ иргэдэд койн, токен санал болгож байгаа этгээдүүд санхүүгийн гэмт хэрэгт холбогдоогүй, үүнтэй холбоотой мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй байх, санхүүгийн чадавхтай байх ёстой гэж заасан. Хэрэв санхүүгийн шинжтэй луйвар явуулбал, биржүүд хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн. Босгосон хөрөнгөө хувьдаа ашиглаж, илт залилсан, мэдээлэлд ойр байгаа байдлаа ашиглан ашиг олсон хүмүүсийг шалгаж байна.
Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан зэрэг
- 2021 онд 81 хэрэг,
- 2022 онд 371
- 2023 онд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн.
Эдгээрээс бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн. 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байна. Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл сошиал орчинд маш их байна. Нарийн мэдээллийг гол зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй.
Монгол Улсын 25 иргэнийг залилж, 300 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн Б-г мөнгө угаах болон залилах гэх зүйл ангиар 7 жил ял оноосон. Хан-Уул дүүргийн шүүхээр энэ хэрэг өнөөдөр шийдэгдсэн гэв.