#4: Хөшигийн хөндийд Д.Амарбаясгалан найзыгаа, Д.Батбаатар охин, дүү, хүргэнээ “чихэж”, Ц.Цэвээндаш гэр бүлээрээ “үүрлэжээ”

0

“Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК /НУБИЭ/-ийн талаарх цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. 

#1 цувралаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зорчиж ирсэн онгоцны хүзүүвч хоолойг залгалгүй удаж, хариуцлага алдсан дарга албан тушаал дэвшсэн. Мөн нисэх буудлын аюулгүй ажиллагаа алдагдсанаас, хоёр настай хүүхдийн амь нас эрсдэлд орох дөхсөн талаар хүргэсэн.

#2 цувралаар 2020-2023 оны хооронд 9 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан нь илэрч, 80 гаруй сая төгрөгийн татварын акт тавиулж, 339 саяын төлбөрт унасан талаар сөхсөн.

#3 цувралаар ИНЕГ-аас 1 их наяд төгрөг хөрөнгө хүлээн авахад 1.5 тэрбумын 1000 гаруй ширхэг хөрөнгө бүртгэлгүй орхисон. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс инженер Д.Очирсүрэнг гэдгийг тогтоосон ч, ажлаа өгөөд алга болсон тухай дэлгэсэн.

Энэ удаад тус байгууллагыг МАН-д өндөр албан тушаал хашдаг гар хөлүүд шургалан гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн ургийн мод хэрхэн үүсгэж, үүрлэснийг хүргэж байна.

-Харумафүжигийн ах, Д.Амарбаясгалангийн найз Д.Лхагвадорж үйл ажиллагаа хариуцагч-

Тайлбар: Ах Харумафүжи Д.Бямбадорж, найз ЗГХЭГ-ын дарга Д.Амабаясгалан

Үйл ажиллагааны захирал Д.Лхагвадорж. Түүнийг монголын ард түмэн Улсын начин гэдгээр нь сайн мэднэ. Мөн Харүмафүжи Д.Бямбадоржийн төрсөн ах. Тэгвэл тэрбээр МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай нэг нутаг бөгөөд багын найзууд гэгддэг. Түүний нөлөөгөөр эл албан тушаалд очсон ч гэгдэж буй юм. Цаашлаад тэд 2020 оны үес Говь-Алтай аймгийн бөхчүүдийн “Хантайшир” дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүнд хамт багтаж байсан. Дэвжээний тэргүүнээр Харумафүжи сонгогдон ажиллаж байв.

Д.Лхагвадоржийн хувийн эрх ашиг: Нисэх онгоцны буудалд өөрийн эхнэрийн нэрээр кофе шоп болон татваргүй барааны дэлгүүр ажиллуулдаг байна.

“Скай циркл” ХХК гэх барилгын компанитай. 2019 онд хувь эзэмшигчээс бүртгэлээ хасуулсан бөгөөд өдгөө Амарбаатарын Ариунболд ганцаараа эзэмшиж байна.


-ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатарын ургийн мод: Охин, дүү, зээ дүү гэсэн дөрвөн хүн ажилладаг-

Тайлбар: ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатарын охин Б.Тунгалаг, төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ, Эгчийн нь охин Д.Нандинцэцэг, Д.Нандинцэцэгийн дүүгийнх нь нөхөр Алтанбаяр

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-нд ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар ургийн модоо ургуулжээ. Тодруулбал,

  • Түүний охин Б.Тунгалаг Худалдан авах ажиллагааны хэлтэст мэргэжилтэн,
  • Төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ жолооч, оператор
  • Эгч Д.Туяагийнх нь охин Д.Нандинцэцэг Хүний нөөцийн дарга
  • Д.Нандинцэцэгийн дүүгийнх нь нөхөр н.Алтанбаяр ажилчдын автобусны жолооч

Д.Батбаатарын ургийн мод энэ байгууллагад дөрөв, таваараа. ИНЕГ-т ч түүний хамаарал бүхий хүмүүс олон. Тэрбээр, Хөшигийн хөндий дэх ИНЕГ-аас 2016 онд 173 га, Хөшигийн хөндийн есөн байршилд 2018-2020 оны хооронд 66.5 га, “Чингис хаан интернэшнл аэрпорт ложистик” ХХК-ийнхаа нэр дээр дахин 3.0 га газар авсан байна. Түүнчлэн махны экспорт, нүүрсний асуудалд нэр холбогддог хүн.

Охин Б.Тунгалаг: Нүүрс, газар, мах зэрэг том эрх ашигтай хүний охин “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Худалдан авах хэлтэст шургалсан ч учиртай байж болзошгүй.

Харин төрсөн эгч Д.Туяагийнх нь охин Хүний нөөцийн дарга Д.Нандинцэцэгийн хувийн эрх ашиг: Тэрбээр өөрийгөө “Япон дарга нараас ч өндөр цалин авдаг” гэж онгирч ярьж явдаг гэх. Улмаар өөртөө давуу байдал үүсгэж цалингаа “нугалж” авдагтай нь холбоотой гэдэг мэдээлэл бий.

Төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ: Жолооч, оператор. Өөрөөр хэлбэл газардсан болон, нисэх гэж буй онгоцонд хүзүүвч залгах үүрэгтэй хүн. Ерөнхийлөгчийн онгоцны хүзүүвч холболтыг хоцроосон асуудал ч түүнээс хол зөрөхгүй.


-Ц.Цэвээндашийн нөхөр, хүргэн, охин, найзыгаа татаж, гэр бүлээрээ үүрлэжээ-

Тайлбар: Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндашийн нөхөр С.Түмэнбаяр, хүргэн н.Даваасүрэн, охин, найз Б.Мөнхжарал, зөвлөх Оргил

Энэ байгууллагад ЗГЭХГ-ын дарга Д.Батбаатартай дүйх хэмжээний олон ургийн модтой хүн бол Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндаш. Түүний нөхөр, хүргэн, охин, найз нь хамт ажиллаж байна. Ашиглалтын өмнөх захиргаанд ажиллаж байхдаа өөрийн нөхөр С.Түмэнбаярыг ажилд оруулж ахлах мэргэжилтнээр, Иргэний нисэхэд байхдаа хүргэн н.Даваасүрэнг мэргэжилтнээр, охин Т.Гэрэлсүрэнг ч мөн НУБИЭ-д ажилд оруулан гэр бүлээрээ энэ компанид үүрлэх эхлэлээ тавьсан байна.

Гэр бүлээрээ НУБИЭ-д ажиллаад зогсохгүй, албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал гаргаж сурсан нэгэн ажээ. Тэрбээр, Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг ашиглалтад орохоос өмнө Ашиглалтын өмнөх захиргаанд 2019 он хүртэл ажиллажээ. Улмаар нисэх буудал ашиглалтад орж, татан буугдах үед ИНЕГ-т ажиллаж байгаад 2020 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан байна. Өмнөх дугаарт нийтлэн хүргэсэн бүртгэлгүй хөрөнгийн асуудлыг маш сайн мэдэх хүний нэг. Түүнийг Иргэний нисэхийн салбарт танихгүй хүн цөөхөн. Салбартаа байгуулсан гавьяагүй ч тарьсан балаг нь өдгөө дуусаагүй л явна. Компанийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт хийж буруутай этгээдэд хариуцлага тооцуулах чиг үүрэгтэй Дотоод хяналтын дарга хүн өнөөдөр энэ компанид “мафи” байгуулан өөрийн тойрон хүрээлэгдсдийг хаацайлаад сууж байна.

Ц.Цэвээндашийн хувийн эрх ашиг:

Түүний нөхөр С.Түмэнбаяр нь “Ач Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг байсан. Өдгөө Гүйцэтгэх захирлаар Сахъяагийн Итгэл, эцсийн өмчлөгчөөр Гомбосүрэнгийн Даваа бүртгэлтэй байна. Хувьцаа эзмшигчдээр нь Гомбосүрэнгийн Даваа, Сахъяагийн Итгэл нараас гадна Лхасрангийн Цоодол, Бавуудоржийн Мөнхжаргал гэх нэрс бүртгэлтэй байгаа юм.

Ашиглалтын өмнөх захиргаанаас нь эхлэн “Ач холдинг” болон охин компаниудаар нь дамжуулан энэ нисэх буудлын өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлж ирсэн нь ч учиртай байж. Түүнийг дотоод хяналтын даргаар зүгээр ч нэг урьж авчраагүй бөгөөд юуг хянах, юуг хянуулахгүй байхыг маш сайн зохицуулдаг байна.

“Ач Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Итгэл нь Цэвээндаштай оюутан ахуйн найзууд бөгөөд хувьцаа эзэмшигч Б.Мөнхжаргал нь ч өдгөө НУБИЭ-ийн Аэродромын даргаар ажиллаж байх юм.

ИНЕГ-ийн дарга асан Л.Бямбасүрэн нь “Ач Холдинг” ХХК-д зувчуулж байсан 750 сая төгрөгийн тендерийн асуудлыг бид өмнө нь нийтэлж байсан. Тэгвэл одоо ИНЕГ-ийн даргын үүргийг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяа нь Ц.Цэвээндаштай мөн найз нөхдийн харилцаатай аж. “Ач холдинг” ХХК гэх энэхүү компани Иргэний нисэхийн бүх л салбарт хүнээ шургуулж, тендер хамж байгааг tender.gov.mn сайтаас харж болно.

Нэмээд дурдах учиртай хүмүүс:

ТУЗ-ийн нарийн бичиг А.Энхжаргал нь Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын дарга А.Азбилэгийн төрсөн дүү.

Маркетингийн хэлтсийн дарга А.Тэнүүн нь ИНЕГ-ын дэд дарга асан Б.Алтанцомын хүү.

Сэтгүүлчийн тэмдэглэл: “Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК /НУБИЭ/-ийг удирддаг гурван хүнийг сөхөж үзэхэд л ийм байна. Ерөнхийлөгчийн онгоцны хүзүүвч залгалгүй удсан ажлын хариуцлагагүй үйлдэл, аюулгүй ажиллагааны зөрчлийн улмаас хоёр настай хүүхэд эндэх шахсныг нуусан асуудал, 9 тэрбумын санхүүгийн зөрчил гаргаж татварын акт тавиулсан, бүртгэлтгүй хөрөнгө зувчуулаад сураггүй болсон ажилтны араас хөөцөлдөх эзэн гэж алга. Ийм зөрчлүүд гарч буух эзэн, буцах хаяггүй байгаагийн шалтгаан ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө энэ байгууллагад үүрлэсэн явдал. Цаашлаад энэ байгууллагыг хянадаг шалгадаг төр, засаг гэж байхгүй байгаагийн шалтгаан тэдний цаана суух МАН-ын эрх бүхий хүмүүс үү гэж хардахад хүргэж байна.

Эх сурвалж: Eguur.mn




About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *