ХЭРГИЙН ГАЗАР: Эрэлч ноход хүүхдүүдийн гутлыг үнэрлэн, мөшгөсөөр гэрээс нь 300 метрийн зайд байх муу усны нүхнээс олжээ

0

Өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 3-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 18-р хороонд 16:00 цагийн орчимд бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, шөнийн 00:00 цагийн орчимд тус хүүхдүүдийг айлын муу усны нүхнээс эсэн мэнд олсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хүүхдүүдийг олоход чухал үүрэг гүйцэтгэсэн “Шонхор” болон “Альфа” ноход одоогоор Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдан үүрэг гүйцэтгэдэг аж. Бид “Шонхор” эрэлч нохой болон түүний сургагч Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн алба хаагч, цагдаагийн ахмад Д.Чингэлийг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь очиж эрлийн ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа. Мөн иргэдэд сэрэмжлүүлэг болох үүднээс хүүхдүүдийн унасан гэх муу усны нүх буюу хэргийн газраас сурвалжлага, мэдээллийг бэлтгэлээ.

ХҮҮХДҮҮД ЭЗГҮЙ АЙЛЫН ХАШААНД БАЙХ ХОЁР МЕТР ОРЧИМ ГҮН, ХАРАНХУЙ, ХҮЙТЭН НҮХЭНД НАЙМАН ЦАГ ОРЧИМ БАЙЖЭЭ-

-Сайн байна уу, юуны өмнө хүүхдүүдийг эсэн мэнд олсон танай баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Эрлийн ажиллагаа хэрхэн явагдсан талаар мэдээлэл өгөөч?

-Дуудлага мэдээллийн дагуу хүүхдүүдийн гэрт очиход эгч нь гэх хүн байсан. Хүүхдүүдийн гутлыг эрэлч ноходдоо үнэртүүлэн, тухайн ойр хавийн гудамж, талбайг самнаж эхэлсэн. “Шонхор” маань мөшгиж явсаар хүүхдүүдийн хажуу талын айлын хашааг самардаад байсан. Тэгэхээр нь би хашааны нэг банзыг хугалаад хашаа руу ортол хүүхдийн уйлах чимээ сонсогдсон. Гэтэл хүүхдүүд гэрээсээ 300 метрийн зайд айлын хашаан дахь муу усны нүхэнд уначихсан байсан.

-Таныг олоход хүүхдүүд ямар байдалтай байсан бэ, цахим орчинд тарсан зураг дээрээс харахад хүүхдүүд бараг л хувцасгүй байсан?

-Тухайн өдөр бороо орох гээд оройдоо цаг агаар нэлээн хүйтэн болчихсон байсан. Намайг яваад очиход хүүхдүүд маш их айчихсан, уйлаад, даарсан байдалтай байсан. Би гэрэл тусгаад, цагдаа байна гэдгээ хэлээд хүүхдүүдийг нохойныхоо хүзүүвчийн олсоор татаж гаргасан. Хүүхдүүдэд нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар анхан шатны тусламж үзүүлсэн. 

-ХЭРЭГ ГАРСНЫ ДАРАА ТУС НҮХИЙГ ДУГУЙГААР ТАГЛАЖЭЭ-

Бид цагдаагийн ахмад Д.Чингэлээс тодруулга мэдээлэл авсныхаа дараа хүүхдүүдийн унасан гэх нүх буюу Сүхбаатар дүүргийн 18-р хороог зорьлоо. Хотын төвөөс зайдуу, хүмүүсийн хөл хөдөлгөөн бага тахир гудамжаар явсаар хүүхдүүдийн гэрийн гадаа ирэв. Хашааны хаалга онгорхой байх бөгөөд хүүхдүүд тоглож байсан гэмээр овоолоостой банз, чулуу зэрэг харагдана. Гэрийн хажууд шонгийн модноос уяа татан хүүхдүүдийн хувцаснуудыг хатаасан ч зарим нь салхинд хийсэн газар унажээ. Хүүхдүүд хажуу айлын хашаа руу жижиг нүхээр орсон байж болзошгүй гэмээр хэсэг онгорхой газар харагдав. Эзгүй байх тус айлын хашаанд хүүхдүүдийн унасан гэх хоёр метр орчим гүн нүх байх ажээ. Аз болж нүхэн дотор тогтоол ус мэтийн зүйл байхгүй аж. Хэрэг гарсны дараа тус нүхийг дугуйгаар таглажээ. Бид цагдаагийн байгууллагаас хэрэг явдлын талаар тодруулахад “Эцэг ,эхийн хараа хяналт сулаас хүүхдүүд тоглож, наадаж яваад тус нүхэнд унасан байж болзошгүй байгаа. Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна” гэх мэдээллийг өгч байв.

-ХҮҮХДИЙН ЭЦЭГ, ЭХ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БӨГӨӨД ӨМНӨ НЬ МӨН ХҮҮХДҮҮД АЛГА БОЛЖ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АЖ-

Харин бидэнд олдсон мэдээллээр, хүүхдүүдийн эцэг, эх хараа архины хамааралтай бөгөөд өмнө нь мөн энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллэв. Энэ мэтчилэн хүүхдүүд аюул, эрсдэлд удаа дараа өртөж байгаа тул эцэг, эх байх эрхийг нь түдгэлзүүлэх асуудал ч яригдаж эхэлсэн байж болзошгүй байгаа аж.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүд гадаа цагийг өнгөрөөх нь ихэсдэг. Ингэхдээ ухаж орхисон гүнзгий нүх, ил задгай цахилгааны утас зэргээс шалтгаалан болзошгүй аюулд өртөх тохиолдол их. Иймд иргэд та бүхэн ойр хавьд байгаа ил задгай нүх, цахилгааны утас зэргийг анзаарах, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг уриалан, сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *